Ж.Сандагсүрэн: Үйлчилгээнд гаргадаг 900 автобусаа цөөлөөгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-21 20:50:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын Шуурхай ажлын хэсгийн хуралдааны шийдвэрийг танилцуулж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нарантуяа, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нар хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдийн асуултад хариулав.


-Манай улсад коронавирусний халдвар зөөвөрлөгдөж ирээд 10 сар, дотоодод халдвар тархаж, хөл хорио тогтоогоод 11 хонов. Энэ цагт бидэнд тээврийн хэрэгслийн дата мэдээлэлгүйгээс алдлаа гээд эргэж буцсан шийдвэр гаргаж, эзэн биегүй зүйл ярьж байна. УОК, НОК-ын ажил хариуцсан дарга нар яагаад энэ мэдээллээ хийхгүй байна вэ?


Ц.Ганзориг: УОК-ын хуралдаан биш Шуурхай ажлын хэсгийн хуралдаанаас гаргасан, маргааш өглөөнөөс хэрэгжүүлэх шийдвэрийг мэдээлж байна. Цаг үеийн нөхцөл байдал хором бүрээр өөрчлөгдөж байна. Коронавирусний халдвар тээгчийн нэг, хоёрдугаар хавьтлын хүрээг тодорхой болгосон. Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд, эмнэлгийн үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай, жишээлбэл нийслэлд гэхэд бөөрний аппаратад ордог 700, химийн эмчилгээ шаардлагатай 700, жирэмсний болон эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай 3650 эх байна. Эдгээр иргэд цаг харгалзахгүй, нийтийн тээврээр болон хувийн унаагаар зорчих нь нээлттэй байсан. Маргаашаас эрүүл мэндийн үйлчилгээ авах, хөл хорионы үед зайлшгүй ажиллах 13 чиглэлийн байгууллагын ажилчид 7.00-22.00 цагийн хооронд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой. 


-Эрдэмтэн судлаачид биднийг сайн ажиллаж, халдварын тархалтыг хумиж байна гэж дүгнэсэн гэлээ. Эрдэмтэн, судлаач нь өөрсдөө ярьж болдоггүй юм уу. Тухайлбал ямар эрдэмтэн судлаач та нарын ажлыг сайн гэж дүгнэсэн бэ?


Д.Нарантуяа: Эрүүл мэндийн  сайдын дэргэд Шинжлэх ухааны зөвлөл байдаг. Мөн ковидтой холбоотой асуудлыг хариуцсан эрдэмтдийн зөвлөл байгуулсан. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв бол ЭМЯ-ны  дэргэдэх судалгааны байгууллага. Судлаачид бид тооцоо гаргасан. БНХАУ-д анх энэ вирусний халдвар гарснаас хойш хөл хорио тогтоогоогүй бол өнөөдөр хүн амын нас баралт, өвчлөл их байх байсан. Хөл хорио тогтоосноор гарч болох эрсдэлийг 3-4 дахин бууруулсан гэж байгаа. Олон улсын судлаачид цар тахлын вирус янз бүрээр мутацид орж байгааг хэлж байна. Жил гаруй болж байгаа ч эмнэл зүйн талаар бүрэн дүүрэн судалгаа дуусаагүй, үргэлжилж байгаа.


Цаашид дэлхий ертөнц ковидтойгоо зэрэгцэн амьдрах талаар ярьж байна. Төрөөс, мэргэжлийн байгууллагаас арга хэмжээ авч байгаа ч иргэн өөрөө маш хариуцлагатай байх хэрэгтэй. Үүнд халдварлагч, халдварлуулагч хоёрын дунд зам бий. Энэ замыг тасалбал халдвар тархахгүй. Амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих, гараа савандаж угаах нь 100 хувь устгаж байгааг судлаачид тогтоосон. Вирус нь хөлгүй, далавчгүй ч агаар дуслын замаар халдварладаг. Үүнийг аль болох  таслахаар хичээж байна. Хамгаалах зам нь тодорхой тул иргэдийг хичээгээрэй гэж хэлж байна.


Энэ өвчний эмчилгээний тактик нь шинэ учир ДЭМБ 7 удаа заавраа өөрчиллөө. Одоо энэ өвчнийг эмчлэхэд хүүхэд, насанд хүрсэн болон суурь өвчтэй хүнийг яаж эмчлэх тодорхой арга барилтай болсон.


Ж.Сандагсүрэн: УОК, НОК-ын аливаа шийдвэр нэг шугамтай байгаа. УОК-ын шийдвэрийн хүрээнд НОК шийдвэр гаргаж, холбогдох албан тушаалтанд  даалгавар өгч албажуулдаг. Бидэнд урьдчилсан төлөвлөгөө байсан ч газар дээрээ халдвар яаж орж ирсэн, ямар арга хэмжээ авсан гээд шийдвэрүүд өөрчлөгдөж байна. Ихэнх улс оронд автозамын дата үүссэн байхад Монголд тийм боломж байхгүй. Өнөөдрийн эдийн засгийн болоод технологийн нөхцөл байдал дэлхийн жишигт биш байгааг сайжруулах ёстой. Нийтийн тээврийн хязгаарлалтыг боломжийн хэмжээнд цуцалж байна. Иргэд хариуцлагаа өндөр байлгах хэрэгтэй. Жолооч нар автобус дүүрсэн гэхэд чихэж суудгаа болих ёстой. Үйлчилгээнд явж байгаа 900 автобусаа цөөлөөгүй, 15-20 хувьд нь бөөгнөрч суугаад үлдсэн хувьд нь сийрэг явж байна. Араас нь 5-10 минутын дараа ирэх автобусыг хүлээгээд суух хариуцлагатай баймаар байна.


Маргаашаас зөвшөөрсөн 13 чиглэлийн байгууллагын ажилчид, түгээлтийн машин, эмнэлгийн үйлчилгээ авах хүмүүс хөдөлгөөнд оролцоно гэсэн. Замын хөдөлгөөний ачаалал хэдэн хувиар нэмэгдэх вэ?


Ж.Сандагсүрэн: Нийтдээ QR кодоор зөвшөөрсөн 5000 гаруй, түгээлтийн 3000, жижиглэн худалдааны бизнес эрхэлж хүнс бараагаа татдаг 13 мянган иргэний машин нэмэгдэнэ. Цагдаа нарт учраа хэлээд зорчиж байгаа иргэд өдөр тутмын мэдээллээр 20 орчим мянга бий. Хөдөлгөөний дэглэмийг 90 хувьд барихыг зорьж байгаа. Маргааш нөгөөдөр хэчнээн иргэнд амин хувийн ажил гарахыг хэлэх боломжгүй. Эмнэлгийн яаралтай тусламж авч магадгүй хүний тоо өдөрт дунджаар 500 гаруй байна гэж тооцож байсан нь өндөр хувьтай байгаа. Замын хөдөлгөөнд 40-өөс доош мянган тээврийн хэрэгсэл оролцуулна.


-Короновирусний халдвартай нэг иргэнийг эмчилж эдгээх хугацаа ямар байна вэ?


Д.Нарантуяа: Монгол улсад  өмнө нь САРС, тарваган тахал гээд халдварт өвчин гарч байсан. Энэ удаад вирус нь шинэ төрлийнх тул эмчилгээ, тактик нь шинэ байгаа. Монголд  нас барсан тохиолдолгүй, эдгэрсэн тохиолдол өндөр, хавьтлаа хамгаалж байгаа нь өмнөх туршлагатай холбоотой. Дэлхийн жишгээр хамгийн урт нь 68, багадаа 14 хоногт эмчилж байгаа. Улс орон бүрийн онцлог бий. Энэ нь хүчин чадал, эмчилгээ, хөгжил, технологиос хамаарна.


-Эрүүл мэндийн байгуулалгын эмч, албан хаагчид эрсдэлтэй ажиллаж байна. Өчигдөр Улсын гуравдугаар эмнэлэгт гаднаас ирж үзүүлсэн хүнээс вирус илэрсэн гээд 5 эмчийг тусгаарласан. Үүнд ямар арга хэмжээ авч байгаа вэ?


Д.Нарантуяа: Бүх нөөц бололцоогоо ашиглан 10 сарын хугацаанд эмч нарынхаа хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал, халваргүйтгэлийн бэлтгэлийг чамбайруулсан. Хүний амьдрал баялаг болохоор тулаад ирэхээр асуудал үүсэж байна. Одоогоор эмч нарын хувьд хавьталд орсон л бол тусгаарлаж байгаа. Гуравдугаар эмнэлгийн тохиолдол дээр тухайн хүнийг тусгаарлаад ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Ариутгал халдваргүйтгэл хийсэн тул тус эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. 


Үргэлжлэлийг https://montsame.mn/mn/read/244081 холбоосоор орж үзнэ үү.


Холбоотой мэдээ