Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаагүй ББСБ-уудыг хянана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-11-23 18:36:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-д зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүссэн иргэд, ААН холбогдох баримтын хамт зээлийн гэрээний хугацааг сунгах, нөхцөл өөрчлөх хүсэлтээ цахимаар гаргаж шийдвэрлүүлэх боломжтойг СЗХ-ноос мэдээллээ. Энэ талаарх өргөдөл, гомдол, хүсэлтээ СЗХ-ны http://www.frc.mn/i/Feedback цахим хаягаар эсвэл 51-262608 тоот утсаар хандан гаргах боломжтой аж.


Учир нь тус хорооноос зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ББСБ-д "COVID-19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхдээ иргэд, ААН-ийн хүсэлтийг цахимаар болон харилцаа холбооны бусад хэлбэрээр хүлээн авч, шийдвэрлэхийг үүрэг болгосон.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй нөхцөл байдалд давагдашгүй хүчин зүйлс учирч, үүний улмаас банк, санхүүгийн байгууллагын зээлдэгч ААН, байгууллагуудын бизнесийн хэвийн үйл ажиллагаа, ард иргэдийн орлого тасалдаж, үндсэн зээл, хүүгийн төлбөрийн эргэн төлөлт саатах нөхцөл байдал үүсээд байгааг СЗХ-ны мэдээлэлд дурджээ. 


УИХ-аас баталсан коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Засгийн газрын энэ оны 11 дүгээр сарын 18-ны 183 тоот “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд ББСБ, хадгаламж, зээлийн хоршооноос иргэд, ААН-үүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхээр тусгасан. Ингэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж, хүүг нэгтгэж тооцох зэргээр зээлдэгчид нэмэлт дарамт үүсгэхгүй байх, төлбөрийн чадварт нь нийцүүлж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд үргэлжлүүлэх чиглэлийг өгсөн.


СЗХ хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийг хамгаалах чиг үүргийн хүрээнд дээрх хууль болон Засгийн газар, СЗХ-ноос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй ББСБ-ын үйл ажиллагаанд иргэд, ААН, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу хянан ажиллаж байна. 


Холбоотой мэдээ