Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн хамба ламаар Д.Хоролбатыг батламжилжээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-11-24 19:36:14

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монголын бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн лам нарын зөвлөлийн хурлаар Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн хамба ламаар Д.Хоролбатыг батламжилжээ.

Хамба ламын батламжийг Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам Д.Чойжамц гардуулан өгсөн бөгөөд энэ үеэр Д.Хоролбат ламд ажлын амжилт, бурхны шашныг дэлгэрүүлэх үйлсэд хоёргүй сэтгэлээр хичээн ажиллахыг хүссэн байна.


Д.Хоролбат ламтан 1990 онд Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн үйл ажиллагааг дахин сэргээсэн үеийн анхны шавь нарын нэг бөгөөд өвгөн лам багш нараасаа хүрээнийхээ уншлага, зан үйлийг өвлөн авч хурал номын үйл ажиллагааг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүний нэг юм.



Тэрбээр Жадо ринбүүчи, Госог ринбүүчи, Дарба бандида гэгээн, Дилав хутагт тэргүүтэй бурхны шашны ихэс дээдсийг нутаг орондоо удаа дараа залж сүсэгтэн олонд номын авшиг, эш лүн тавиулж байсан юм. Тухайлбал Сахиусны дуган, Хангалын дуган, Бурхан багшийн сэрэг дүр, Боржин чулуун хаалга тэргүүтэй бүтээн байгуулалтын ажлыг хийхэд чухал хувь нэмэр оруулж 2019 онд хамба ламаар тохоогдсоны дараа Мөрөн сум, Гандантэгчинлэн хийдтэй хамтарч Хүрээ цам, Майдар эргэх ёслолыг зохион байгуулсан байна.

Д.Хоролбат ламтан 1979-1989 онд Мөрөнгийн III арван жилийн сургууль, 1993-1997 онд Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Шашны дээд сургууль, 1998-1999 онд МУИС-ийн магистр, 2000-2002 онд БНЭУ-ын Гоман дацан, 2002-2004 онд МУИС-ийн Гадаад хэлний сургууль, 2012-2016 онд МУИС-ийн докторантурт тус тус суралцжээ. 2012 онд Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Дашчойнпэл дацанд гэвшийн дамжаа барьсан байна.



“Бурхны ариун дагшин орны товч тэмдэглэл” орчуулга, “IX Богдын намтар Итгэмжит үл дийлдэх саран авхайн нигуурын эшлэл” орчуулга, “Бурхны шашны гарын авлага I, II”, “Гүрэм заслын судар” төвд эмхтгэл бүтээл, “Аврал айлтгал, зан үйлийн товчоон”, “Монгол уншлагын судар оршвой”, “Жалханз хутагтын доод хүрээ Гандандаржайлин хийд” зэрэг ном, бүтээлээс гадна гадаад, дотоодын сэтгүүлд эрдэм шинжилгээ, судалгааны олон арван өгүүллэг бичиж нийтэлжээ. Түүнчлэн “Парчэн домын дамжаа”, “Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийд” баримтат кино бүтээсэн байна. Тэрээр Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Шашны дээд сургуульд багш, “Хөвсгөл хүрээ” сангийн тэргүүнээр ажиллаж байжээ.


Холбоотой мэдээ