Булган аймгийн 2021 оны төсвийн төслийг өргөн барилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-11-25 12:51:12

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбатад аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2021 оны төсвийн төслийг өргөн барилаа.

          Аймгийн 2021 оны төсвийн орлого, зарлагыг 64,5 тэрбум төгрөгөөр байхаар төлөвлөсөн байна. Төсвийн орлогын хувьд тусгай зориулалтын шилжүүлэг 34,5, орон нутгийн төсвийн орлого 23,5, орон нутгийн хөгжлийн сан 4,2, санхүүгийн дэмжлэг 2,8 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Батцогтоос ирэх оны төсвийн төслийн онцлогийн талаар тодруулахад:

          - Монгол Улсын 2021 оны төсөв, Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Сангийн яамнаас ирүүлсэн чиглэл зэрэгт нийцүүлэн төсвийн төслийг боловсрууллаа. 2021 оны төсвийн төслийн онцлогийн хувьд төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн. Энэ онд орон нутгийн төсөвт 22,0 орчим тэрбум төгрөгийн орлого оруулах төлөвлөгөөтэй. Урьдчилсан байдлаар нэг тэрбум төгрөгийн тасалдал үүсэх тооцоо байгаа. Ирэх оны орон нутгийн төсвийн орлогыг 23,5 тэрбум төгрөг байхаар тавилаа. Төсвийн орлого тасрах магадлал өндөр түвшинд байх нь.

Нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаад орон нутгийн хөгжлийн санг энд оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 30,0 орчим хувь тасарна гэж тооцож байгаа. Тиймээс хэрэгжүүлээгүй төсөл, арга хэмжээг 2021 онд шилжүүлэн санхүүжүүлэх хэрэгцээ шаардлага гарч байгаа. Энэ асуудлыг төсөвт тусгалаа. Боловсролын салбарын шинэчлэл багш, ажиллагсдын урамшууллын механизмыг шинэ түвшинд гаргана гэж тооцож урамшуулын асуудлыг салбарын яам төвлөрүүлэн санхүүжүүлэхээр тооцсон. Түүнтэй холбоотойгоор тусгай зориулалтын шилжүүлгийн санхүүжилт 3,0 орчим тэрбум төгрөгөөр буурсан байгаа. 2021 оны төсвийн төслийн хувьд улс орны эдийн нөхцөл байдалтай холбоотойгоор орлогыг өндөр түвшинд төлөвлөж, эрүүл мэндийн салбараас бусад төрийн байгууллагын бараа, үйлчилгээний зардлыг 30,0 хүртэл хувиар бууруулан тооцсон төсөв өргөн барилаа гэлээ.

Холбоотой мэдээ