Гэр бүлээс үүдэлтэй голомт 50 хувийг эзэлж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-11-25 17:45:20

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 144 иргэнд коронавирус илэрч эмчилгээнд ороод байна. Шинээр нэмэгдсэн 20 тохиолдол бүгд Сүхбаатар сумаас илэрчээ.

Эдгээр нь өмнөх тохиолдлуудын ойрын буюу нэгдүгээр хавьтал, түүний хүрээнд гарсан байна. Иймээс “би эрүүл” гэж тайвширч болохгүй шинжилгээндээ хамрагдаарай хэмээн аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа. Нийт өвчлөлийг харахад томоохон хэд хэдэн голомт үүсч үүнээс төмөр замын ажилчид болон гэр бүлээс нь үүдэлтэй голомт 50 хувийг эзэлж байгаа ажээ.

Нийт батлагдсан тохиолдлын 62 хувь нь гэр бүлийн хавьтлаас, 38 хувь нь илрүүлэг үзлэг оношилгоогоор илэрч байна. Тэдгээрийн ойрын хавьтал 1030 иргэнийг ажиглалтад оруулжээ. Иймээс аймгийн Онцгой комиссоос Сүхбаатар өртөөний төмөр зам дээр тусгай зориулалтын хоёр галт тэргийг хөдлөхгүйгээр байрлуулж, төмөр замын ажилчдыг тусгаарлан үйл ажиллагааг нь явуулах саналыг хүргүүлжээ. Өнөөдөр аймгийн хэмжээнд 18 ажиглалтын байранд 264 иргэн тусгаарлагдаж байна.

Холбоотой мэдээ