Орхон аймагт нэмж дөрвөн тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-26 14:33:44
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ БОЭТ-ийн вируслогийн лаборатори буюу PCR шинжилгээнд өчигдөр /11 сарын 25/ 157 сорьц шинжлүүлэхэд 153 нь сөрөг, дөрөв нь эерэг гарч Орхон аймагт "Ковид-19" халдварын 21 тохиолдол бүртгэгдлээ.

Эерэг гарсан дөрвөн тохиолдол нь ажиглалт, тусгаарлалтын хяналтад байсан 149 иргэнээс бүртгэгдсэн бөгөөд өнөөдөр ХӨСҮТ рүү шилжүүллээ. Ингэснээр ажиглалт тусгаарлалтын Эмнэлэг сувилал, Эрдэнэт, Голд, Тесеро, Сэлэнгэ зочид буудал болон Халдвартын тасаг гэсэн зургаан байранд 145 иргэн байна.

Нэмж батлагдсан дөрвөн тохиолдлын гурав нь том хүн нэг нь есөн настай хүүхэд байна. Батлагдсан дөрвөн тохиолдлын гурав нь нэг гэр бүл юм. Эдгээр иргэд тусгаарлалтад орсноос хойш найм дахь хоног дээрээ буюу хоёр дахь удаагийн шинжилгээгээр эерэг гарчээ.

Гэрийн тусгаарлалтад байгаа 290 хүүхдээс давтан PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ. Орхон аймаг 11 дүгээр сарын 11-нээс хойш ХӨСҮТ болон  БОЭТ-д  нийт 1422 сорьцыг PCR-аар шинжилсэн байна.  Өөрөөр хэлбэл, 1422-оос 1401 нь сөрөг 21 нь эерэг гарсан. Түргэвчилсэн оношлуулаар 16041 иргэн хамрагдаад байна. Энэ нь нийт хүн амын 15 хувийг эзэлж байна.

 

 

Холбоотой мэдээ