Хөшөөтийн уурхайд Ховд аймгаас 300 гаруй хүн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-05-30 11:16:05

Ховд аймгийн засаг даргын орлогч М.Амарсанаатай уулзаж Хөшөөт төсөл Ховд аймагтай байгуулсан гэрээний хэрэгжилт орон нутаг хэр үр ашгаа өгч байгаа талаар ярилцлаа.

-2012 оны сонгуулиар Ховд аймагт олонх болсон Ардчилсан намын баг Хөшөөтийн уурхайг дэмжих чиглэлээр тууштай бодлого баримталсан, чингэсний учир юу вэ?

-Учир нь маш энгийн. Уул уурхайгаа түлхүү хөгжүүлж чадсан Өмнөговь, Орхон зэрэг аймаг  илүү хурдан урагшилж байна. Энэ жишгийг л дагасан хэрэг. Аймгийн эдийн засагт шинэ салбар бий болгох, эдийн засгийн өсөлтийг түргэтгэх, ард иргэддээ энэ талын дадал заншил эзэмшүүлэх гэж зорьсон.

-Эдүгээ эдийн засгийг “солонгоруулж” хөнгөн хүнс, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологи зэрэгт тэргүүлэх ач холбогдол өгөх ёстой гэж ярьцгаах болж?

-Таны ярьж буйг үгүйсгэхгүй. Хөдөө аж ахуйн нөхөн үйлдвэрлэл эцсийн бүлэгт биологийн хуулиар явагддаг тул өсөлт нь хязгаарлагдмал, мэдлэгт суурилсан салбаруудын хувьд гэвэл анхны хөрөнгө оруулалт их шаарддаг, харин эрдэс баялаг бол өнөөгийн нөхцөлд хамгийн хурдан өсөх боломжтой. Сүүлийн 20 жилд уул уурхайн экспорт 40 дахин өсч энэ салбар улсын төсвийн орлогын 55-60 хувийг тогтвортой хангаж байгаа гэсэн статистик байна.

-Хөшөөтийн уурхай орон нутагт чухам ямар ашиг, давуу талыг бий болгож байна вэ?

-Хоёр янзын өгөөж байна, нэгд мөнгө санхүүгийн унац. Аймгийн төсөвт гэхэд хүн амын орлогын татвар, газар, ус ашигласны төлбөр, нийгмийн даатгалын шимтгэл, автомашины татвар, даатгал зэрэг хэлбэрээр 2014 онд 500 гаруй сая, 2015 онд 853 сая төгрөгийг МоЭнКо компани төлсөн байна. Мөн Ховд Хөшөөт Хөгжлийн санд 470 орчим сая төгрөг оруулсан.

Дам хэлбэрээр илэрдэг өгөөж ч бас байна. Жишээ нь МоЭнКо гэхэд л өнгөрсөн жил манай аймгаас 6,7 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ. Хөрс хуулах, нүүрс олборлох, тээвэрлэх чиглэлээр тэднийд туслан гүйцэтгэгч компаниуд ч бас худалдан авалт хийж байгаа. Чингэснээр Ховдын нийлүүлэгчид орлоготой борлуулалттай байж НӨАТ зэрэг татвар төлж байгаа шүү дээ.

-Уул уурхайгаас орж буй орлогын дийлэнх нь төвлөрсөн төсөвт ордог гэсэн шүүмжлэл нэлээн байдаг байх аа?

-Тэр ч тийм. 2015 онд гэхэд л МоЭнКо 4,2 тэрбум буюу аймагт өгснөөс 4 дахин их татвар хураамж төвлөрсөн төсөвт оруулсан мэдээ байна лээ. Гэхдээ энэ оноос эхлэн төвлөрсөн төсөвт орсон орлогоос орон нутагт нь хуваарилах хувь хэмжээг нэмэгдүүлэх хууль гарсан. Жишээ нь, тусгай зөвшөөрлийн хураамжийн хагасыг тухайн аймаг, суманд нь өгөх юм .

Хоёрхон жишээ хэлэхэд Хөшөөтийн уурхайд өнөөдрийн байдлаар Ховд аймгаас 300 гаруй хүн ажиллаж байна. Баруун бүсэд 300 бүү хэл 100 гаруй хүн ажиллуулдаг үйлдвэр байгаа билүү. Дээр нь Ховдын таван тээврийн компани тээвэр хийж байгаа нь Ховд аймгийн эдийн засагт ашгаа өгч байна гэж ойлгож болно.

-Та Хөшөөтийн ач холбогдлыг гол төлөв нийт аймагт хамааруулж ярилаа. Яг хөшөөт орчимд амьдарч буй, олборлолт, хайгуул өдөр тутмынх нь амьдралд нөлөөлж буй иргэдэд юу өгдөг юм бэ? 

-Хөшөөтийнхөнд бүрдэж буй давуу тал гэвэл юун түрүүнд хөдөлмөр эрхлэлт. Хөшөөт тосгоны өрх бүрээс наанадаж нэг хүнийг ажилтай байлгах зорилт тавьж ажилладаг гэсэн. Ер нь 2015 оны дундуур гэхэд  Хөшөөт төслийн хүрээнд нийтдээ 1000 гаруй хүн ажиллаж байсны бараг 60 хувь нь Ховдын харъяат байсан шүү. Мөн уурхайн зүгээс айл өрхүүдийн ус, цахилгаанаар үнэгүй хангадаг юм билээ.

Нэгэнт олборлолт явж байгаа болохоор сөрөг нөлөө үүсч буй нь мэдээж. Аймгийн мэргэжлийн байгууллагууд байгаль орчны хууль тогтоомжийн дагуу хяналт тавьдаг. Ялангуяа тоосжилтын улмаас уурхай орчмын хөрс нэлээд бохирдож байгаа талаар малчдаас гомдол гаргадаг. Аймгийн зүгээс тухай бүх МоЭнКо компанид сануулга хүргүүлдэг, нөлөөлөлд өртсөн өвөлжөө хаваржааг нүүлгэн шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг шаарддаг.

Тоосжилтын хашаа барих, технологийн усалгаа хийх зэргээр тоосжилттой тэмцэж байгаа нь ч харагддаг. Нүүрсний үнэ сэргэж, ашиг хуримтлал боломж нэмэгдэхийн хэрээр хүрээлэн байгаа орчинд хийгээд орон нутгийн хөгжилд илүү анхаарал тавих боломж бүрдэнэ гэж Компанийн зүгээс учирладаг.

Хүндрэлийн зэрэгцээ төслийг дагаж давуу тал ч бүрддэг, жишээ нь Хөшөөтөөс улсын хил хүртэлх засмал зам орон нутгийнханд нээлттэй, үнэ төлбөргүй. Өнгөрсөн оноос Дарвиас уурхай хэрэгцээнийхээ махыг авдаг болсон.

Нэгэнт завин дээр хамт гарчихсан болохоор бие биенээ харилцан ойлгож дэмжиж баймааж л голыг гатална гэсэн үг л дээ.

 А.Бямбасүрэн

 

 

Холбоотой мэдээ