Монголын нийслэл Ботаник хүрээлэнтэй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2020-11-30 14:41:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын анхны Ботаник хүрээлэнг Улаанбаатар хотноо Мишээл Экспогоос урагш Туул голын эрэг дагуу 2021 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.


Тус хүрээлэн нь Монгол оронд ховордсон мод, бут, ургамал, төрөл зүйлийг дахин сэргээх зорилготой байгуулах юм. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд байгаль орчин, танин мэдэхүйн хичээлийг энэхүү хүрээлэнд дадлага хийлгэж сонирхуулан танилцуулах чухал ач холбогдолтой төсөл юм.



Төслийг Нийслэлийн Захирагчийн ажлын албаны захиалгаар Мишээл групп ХХК, түүний 100 гаруй харилцагч компани хамтран Мишээл Экспо төвийн урд Туул голын эрэг дагуу 11 га талбай дээр нэг ч мод, бургас хөндөхгүйгээр байгалийн жимийг ашиглан тохижуулж эхэлжээ.




Энэхүү Ботаник хүрээлэнгийн төслийн ажлын архитектор, ландшафт төлөвлөлтийг Япон улсын Chiba Их Сургуулийн доктор Огата Мотому /Ogata Motomu/ хийж гүйцэтгэж байгаа аж. Мишээл “Ботаник хүрээлэн” нь “Мишээл Сити” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл аж.




Ташрамд сонирхуулахад, Ботаник хүрээлэнг одоогоос 3 мянга орчим жилийн өмнө Египетэд байгуулсан гэдэг ч шинжлэх ухааны зорилготой дэлхийн анхны ботаник хүрээлэн 16 дугаар зуунд Итали улсын Пизагийн Их Сургуульд байгуулагдсанаар дэлхий нийтэд тархан хөгжүүлж ирсэн байна. Сүүлийн 50 жилийн хугацаанд ботаник хүрээлэнгийн хөгжлийн шинэ шатанд гарч, орчин үеийн хүмүүс ихэд сонирхон таашаах болжээ. Тиймээс ч өнөөдөр жилд 500 сая хүн ботаник хүрээлэнгээр зочилдог гэсэн судалгаа байдаг аж.


Ботаник хүрээлэнгийн гол зорилго нь ховордсон мод, бут, ургамал зэргийг ургуулж, төрөл зүйлийг хадгалан авч үлдэхэд оршдог. Ингээд Дэлхийн ТОП 5 Ботаник хүрээлэнгийн тухай товч танилцуулж байна.


Өмнөд Африк, Кэйп Таун



Өмнөд Африкт байрлах энэхүү Ботаник хүрээлэн нь дэлхийн шилдгүүдэд зүй ёсоор багтдаг. Нийт 5.3 квадрат километр газарт 7,000 гаруй нэр төрлийн ургамалтай энэхүү хүрээлэн нь 107 жилийн настай. Дугуйн зам, хайкинг хийх жим, модны орой дундуур алхах 130 метр урт гүүрэн зам, пикник хийх тусгайлсан бүс байхаас гадна бүхий л төрлийн үйлчилгээний төвүүд нэг дор төвлөрч байдгаараа онцлогтой.


Сингапур улс


Энэхүү ботаник хүрээлэн 160 жилийн түүхтэй бөгөөд ботаник хүрээлэнгүүд дундах Диснэйлэнд гэж хэлэгддэг. Чийглэг орчинд ургадаг дэлхийн бүх төрлийн ургамалтай танилцах боломжтой. Зөвхөн цахирмаа цэцгийн хүрээлэнд нь гэхэд 1000 орчим төрөл зүйл, 2000 орчим дэд төрлүүд байдаг юм байна.


Норвег улс, Тромзо



Жил бүрийн 5 дугаар сард нээгдэж, 10 дугаар сард хаагддаг Тромзо хотын Их Сургуулийн эзэмшилд байдаг энэхүү ботаник хүрээлэн нь онгон байгалиараа ургаж буй олон төрлийн ургамлыг нэг дор агуулж байдгаараа бусад хүрээлэнгээс ялгаатай. Онгон байгальд ургаж байгаа хүйтэн бүсийн ургамалтай танилцахад хамгийн тохиромжтой үе нь 6 дугаар сар юм.


Англи улс, Лондон



Хотын төвөөс ердөө 30 минут яваад хүрэх зайд орших тус ботаник хүрээлэн 1759 онд байгуулагдсан бөгөөд нийт 50 мянга орчим нэр төрлийн ургамал байдаг. Төрөлжилтөөрөө гайхагддаг уг хүрээлэнд Лондон хотын бужигнасан амьдралаас түр ч болтугай зугтах зорилгоор жуулчдаас илүүтэй оршин суугчид нь ихээр зочилдог байна.


Япон улс, Киото



Хулс мод болон бонсайгаар дүүрэн энэхүү хүрээлэн нь ургамлын төрөл зүйлээс гадна эртний хөшөө, баримал болон түүхэн газруудаараа онцлогтой юм байна.

Холбоотой мэдээ