Сэлэнгэ аймаг өнөөдрөөс Дархан-Уул аймагт гацсан иргэдээ татаж эхэллээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-12-02 16:28:00

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг иргэдээ татан авах ажлыг өнөөдөр Дархан-Уул аймгаас эхлүүлж байна.

Дархан-Уул аймгаас ирж байгаа хүн нэг бүр PCR шинжилгээнд хамрагдсан байх ёстой бөгөөд орон нутагтаа очсон иргэд бусад гэр бүлийн гишүүдийн хамт 14 хоног гэрээсээ гарахгүй байхыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа. Түүнчлэн бусад иргэн, айлууд ч гэсэн танай хөрш зэргэлдээ айлд хаанаас ямар хүн ирэв, хаагуур явж байна гэдэгт хяналт тавьж, иргэний үүргээ биелүүлэн, гэрийн хяналтад байхыг нь сануулж, холбогдох газарт нь мэдээлж хамтран ажиллахыг хүслээ. Мөн эрсдэлийг тооцох үүднээс ийм шийдвэрийг гаргаж байгаагаа Онцгой комиссын дарга мэдэгдлээ.

Бусад аймаг орон нутгаас иргэдээ татан авах ажлыг ээлж дараатайгаар зохион байгуулах бөгөөд нийслэл хотын иргэдийг УОК шийдвэрлэж гаргах аж. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Мандал сумаас гарах иргэд PCR шинжилгээнд заавал хамрагдсан байх ёстой гэдгийг ч онцгойлон анхаарууллаа. Эрүүл бүс болох бусад сумаас гарах иргэдээ шаардлагатай хэсэгт нь түргэвчилсэн оношлуураар оношилж, асуумж судалгаагаар гаргахаар төлөвлөжээ. Сэлэнгэ аймгаас гарах иргэд байгаа орон нутгийнхаа Онцгой комисс, Шуурхай штабт яаралтай бүртгүүлэхийг санууллаа.  

Холбоотой мэдээ