Нийслэлээс орон нутаг руу 6241 иргэн зорчжээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-12-03 14:20:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой Комиссын Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зарим шийдвэрийн талаар өнөөдөр мэдээлэв.


Энэ үеэр НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар хэлэхдээ “Цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний хүрээнд хязгаарлалтад орсон орон нутгийн иргэдээс шинжилгээ авах байруудад хяналт, шалгалт хийхээр төлөвлөж байна. Хязгаарлалтад ороогүй  холбогдох иргэн аж ахуй нэгж байгууллагын тээврийн хэрэгсэлд QR code олгох чиглэлээр гаргаж байгаа хүсэлтийг  шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна.


Цаг агаар хүйтэрч, айл өрхийн галлагаа ихсэж байна. УОК-ын Шуурхай штаб, Таван толгой түлш ХХК-тай хамтран сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг өсгөх, дундын болон хангамжийн бааз, түлш борлуулах цэгт борлуулж буй түлшний тоог нэмэх шийдвэр гаргалаа. Мөн холбогдох мэргэжлийн байгууллагад зорилтот бүлгийн айл өрхөд сайжруулсан түлш түгээх үүрэг чиглэл өгсөн.


Цаашид иргэдийн амьжиргааны түвшин, нийгэм эдийн засгийн байдлыг сайжруулах үүднээс  аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг үе шаттай нээхээр төлөвлөж байна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон.  Гар дамжиж худалдахыг таслан зогсоох ажлыг Цагдаагийн байгууллагатай хамтран гүйцэтгэж байна.


НОК-ын Шуурхай штабаас нийслэл хотын хэмжээнд цар тахлын үеийн эрсдэлийн үнэлгээг хийсэн.  Ялангуяа нийгэм, эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед үйл ажиллагаа зохион байгуулах нь өндөр эрсдэлтэй гэсэн үнэлгээг гаргаад байна. Энэ чиглэлээр дараа дараагийн үйл ажиллагааг төлөвлөж, ялангуяа иргэдийн амьжиргааг сайжруулах, аж ахуй нэгж байгууллагын эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр гаргах шийдвэрээ уялдуулан зохион байгуулах арга хэмжээ авч байна.


Өчигдрийн байдлаар, 74 автобусаар 2531 иргэн Улаанбаатар хотоос гарсан. Мөн хувийн 901 машинаар 3710 иргэн хөдөө орон нутгийг зорьсон тухай тоон мэдээлэл байна.


Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 94 чиглэлд  874 автобус гаргаж байна. Ачаалал бүхий 84 цэгт хяналт тавьж байна. Автобус дотор хүн хоорондын зай барих, автобусны буудалд нэг дор бөөгнөрөхгүй байх, амны хаалт зүүх чиглэлээр тогтмол хяналт, шалгалт хийж байна. Ялангуяа нийтийн тээврийн хэрэгслийн ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол шалгаж байна” гэлээ.

 

Холбоотой мэдээ