Булган аймгийн 2021 оны төсвийг баталлаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-12-04 13:07:21

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 3-нд болж, аймгийн 2021 оны төсвийг баталлаа. Уг хуралдааныг цахимаар зохион байгуулсан бөгөөд ИТХ-ын төлөөлөгчид бүрэн оролцлоо.

          Аймгийн 2021 оны төсвийн орлого, зарлагыг 64,5 тэрбум төгрөгөөр баталсан бөгөөд төсвийн орлогын хувьд тусгай зориулалтын шилжүүлэг 34,5, орон нутгийн төсвийн орлого 23,5, орон нутгийн хөгжлийн сан 4,2, санхүүгийн дэмжлэг 2,8 тэрбум төгрөг байх юм.

            Ирэх оны төсвийн онцлогийн хувьд төрийн албан хаагчдын цалин хөлс, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг энэ оны түвшинд хадгалж, төрийн албаны орон тоог цахим системээр хянан баталгаажуулж, давхардсан болон илүүдэл орон тоо, цалин хөлсний зардлын өсөлтийг дунд хугацаанд хязгаарлах, томилолт, хурал зөвлөлгөөн сургалт семинарын үйл ажиллагааг цахимжуулж, холбогдох зардлыг хэмнэх, “Covid-19” цар тахлын эрсдэлтэй тулж ажиллаж байгаа төрийн байгууллагаас бусад төсөвт байгууллагын тэвчиж болох урсгал зардлыг бууруулах бодлого баримтлан 2021 оны төсвийг баталлаа гэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албанаас мэдээллээ.

Аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит II хуралдаанаар аймгийн ИТХ-ын баримтлан ажиллах чиглэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2021 оны хөгжлийн төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичиг баталлаа.

Холбоотой мэдээ