Өргөтгөсөн хуралдаанаас хяналтын постуудын тоог цөөлөх шийдвэр гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-12-04 12:50:01

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан болж, эрсдэлтэй бүсээс олон иргэн ирж буй энэ үед зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажиллуулахгүй байхаар шийдвэр гаргасан тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

-Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр шинээр томилогдсон Засаг даргад аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын үйл ажиллагаа, Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний талаарх мэдээллийг аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд өглөө.

Мөн Эрүүл мэндийн салбар, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Цагдаагийн газар, Хөдөө аж ахуйн газар гэхчлэн томоохон албад коронавирусний халдвар /Ковид-19/-ын бэлэн байдал, хариу арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэл ажил, нөхцөл байдлын талаарх мэдээллүүдийг өглөө.

Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлаар нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрүүдийг гаргалаа. Юун түрүүн хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаа явуулах байгууллагын албан хаагчид, тэдний гэр бүлийн  гишүүд Улаанбаатар хот болон бусад голомт бүхий бүс нутгаас ирсэн тохиолдолд гэртээ өөрийгөө тусгаарлах журмыг чанд мөрдөж, байгууллага тус бүр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар болсон” гэв.

 

Оюутнуудыг гэр гэрт нь хүргэх ажлыг зохион байгуулна

-“Завхан аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаа. Энэ үед голомт бүхий бүс нутгаас нийтийн болон хувийн тээврийн хэрэгслээр ирсэн иргэдийг харьяалал бүхий орон нутаг руу зорчих хүртэлх хугацаанд түр байрлуулах байраар хангахаар болсон байна.

Хот хооронд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулж буй “Жавхлант хийморь”, “Гранд автобус”, “Хараацайн жигүүр” ХХК-ийн удирдлагууд Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран ариутгал халдваргүйтгэл хийх нөхцөл боломжоор хангахыг үүрэг болголоо. Аймаг, сумаас зорчих /гарах/ Улаанбаатар хот болон бусад аймгийн харьяалалтай иргэнийг асуумж бөглүүлэн нэвтрүүлэхээр болсон. Хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний худалдааны цэгүүдийн үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдолтод хяналт тавих ажлын баг байгууллаа.

2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл аймаг сум, сумаас сум хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтыг хэвээр үргэлжлүүлэх. Аймгийн хэмжээнд ажиллаж буй 60 постын тоог цөөлж, үлдсэн постууд дээр хатуу хяналт тавьж ажиллах. Эрсдэлтэй бүсээс олон иргэн ирж буй энэ үед зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажиллуулахгүй байх. Оюутнуудыг гэр гэрт нь хүргэх ажлыг зохион байгуулах. МУЗН-ээс өгч буй хандив тусламжийг халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлан зорилтот өрхүүдэд хүргэх ажлыг зохион байгуулах. Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах тухай аймгийн Засаг даргын албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих, биелэлтийг бүрэн хангуулахад холбогдох байгууллагууд анхаарч ажиллах. Бусад аймагт отор нүүдэл хийж буй малчдадаа онцгойлон анхаарал хандуулахыг холбогдох албаныханд тус тус даалгалаа” гэж аймгийн Шуурхай штабаас нэмж мэдээлэв. 

Холбоотой мэдээ