Шуурхай бүлэг Гашуунсухайт боомтод ажиллаж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-12-05 20:04:37
Өмнөговь /МОНЦАМЭ/ Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан Шуурхай бүлэг Өмнөговь аймагт ажиллаж байна.

Тус аймгийг “Ногоон бүс” болгох, улсын эдийн засгийг тогтвортой байлгах зорилтын хүрээнд Шуурхай бүлэг энэ сарын 5-нд Даланзадгадад ажиллаж нөхцөл байдалтай танилцан, Гашуунсухайт боомт руу хөдөллөө. ОБЕГ-ын ХШҮАБХ-ийн дарга хурандаа Б.Батболд "Өмнөговийн иргэд аймаг руугаа нэвтрэх тушаал шийдвэр нь гараагүй байхад өдөрт хувийн машинтай 100-150 хүн ирдэг гэж байна. Хаана ийм буруутай үйл ажиллагаа байгаагийн улмаас ийм байдал үүсч байна вэ. Цагаан хаданд байгаа 6 мянга гаруй жолоочийн асуудал мөн яригдаж байна. Өдөрт 70-150 машин хилээр гардаг, гэтэл тайван зогсоолд 6 мянган жолооч байна гэх мэт асуудлыг газар дээр нь очиж танилцахаар энэхүү ажлын хэсэг Гашуунсухайт руу гарч байна. Ганц Гашуунсухайт, Цагаан хад гэхгүй уул уурхайн бүсэд бид ажиллана" гэлээ. Тэрээр аймгийн Онцгой комисст иргэдээс ирсэн маш олон асуудал байгаатай танилцлаа гэсэн юм.

Тухайн ажлын хэсэгт УУХҮЯ, ЭМЯ, ОБЕГ, ГЕГ, МХЕГ, ЗТХЯ, ТЕГ, Хилийн цэрэг, Автотээвэр зэрэг яам, газруудын алба хаагчид шуурхай бүлэгт багтжээ.

Мөн Өмнөговь аймагт "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлын хүрээнд нүүрс тээврийн жолооч нарын PCR шинжилгээний сорьц цуглуулах ажлыг аймгийн 21 эмч, мэргэжилтэн хоёр ээлжээр хийж байгаа аж.


Холбоотой мэдээ