Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс: “Дөрвөн хүчтэн” оньсон тоглоом
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдан буй “Дөрвөн хүчтэн” хэмээх оньсон тоглоомын бэлгэдэл, тоглох арга, ач холбогдлын талаар танилцуулж байна.
Энэ тоглоом нь суурь хайрцаг, арслан, хангарьд, луу, барын өнгө
алаглуулан будсан сийлбэрээс бүрдсэн оньсон тоглоом юм.
1. Суурийн хайрцаг: Хуш модоор зургаан өнцөг бүхий тэгш өнцөгт
хэлбэртэй 8,8 см өндөр, 12,5 см өргөн, 35,5 см
урттай майга хөлтэй ширээ хийж, түүний хүрээнээс дотогш 0,4 см хайрцаглан нарийн хүрээ хадаж тогтоожээ.
Тоглоомын суурийг улаан хүрэн, ногоон өнгийн будгаар будаж, дээр нь 12 ширхэг зээ
бадыг дусал хээг холбон зүмбэрдэн товойлгож алтан боронзоор боронзоджээ.
2. Дөрвөн хүчтэний сийлбэрүүд: Хангарьд: Тэргүүндээ хүслийн таван
эрдэнэ чимэгтэй, дугираг цагаан эвэртэй, бүргэд толгойтой, том алаг нүдтэй, хөх
эрээн хайрс бүхий жигүүртний хаан хангарьдыг хошуундаа цагаан эрээн могой хөнлөн
зууж, таван хумс бүхий хүчирхэг савартаа атгасан байдлаар дүрслэн их биеийг эвхэрдүүлэн
сийлж, өнгө ялган будсан байна.
Луу: Босоо хос цагаан эвэртэй, доош унжсан цагаан соёотой, ногоон
зогдортой, хар эрээн дөрвөлжин хээтэй шар эрээн луугийн 3 сарвуунд гал эрдэнэ атгуулсан,
их биеийг мөн бусад хүчтэний адил эвхэрч нугарсан байдлаар дүрслэн сийлжээ.
Арслан: Хүзүү нуруугаа дагасан цагаан эрээн бидэртэй ногоон өнгийн
зогдортой, дэл зогдроо намируулж сүүлээ сагсайлгасан, том алаг нүдээ эргэлдүүлэн,
араа шүдээ арзайлган архирч буй арсланг дөрвөн мөчөө хумин хэвтэж буй байдлаар сийлбэрлэжээ.
Арслангийн их биеийг шар өнгөөр будаж хар өнгөөр үсний ширхэг, толбо зэргийг тодруулан
гаргажээ.
Бар: Их биеийг хар өнгөөр эрээлсэн судалтай, шар эрээн зүстэй,
урт сүүлээ биеийн дагуу унжуулан, үзүүр хэсгийг өмнөө гогцоолон эвхэж, дөрвөн мөчөө
хумьж, 3 сарвуугаа ил гарган биеэ хураасан, амаа ангайн, хоёр соёогоо
уруулын дээгүүр гарган, араа шүдээ арзайлган архирч буй байдлаар дүрсэлжээ.
Дөрвөн хүчтэний бэлгэдэл Монголчууд хангарьд, лууг дээд тив буюу тэнгэрийн хүчтэн, бар, арсланг дунд тив буюу газрын хүчтэн, тэнгэр газрын хүчтэнгүүд нэгдэхээр 4 зүгийг эрхшээсэн ертөнцийн агуу хүчийг олж захирдаг “дөрвөн хүчтэн” хэмээн ихэд бэлэгшээн хүндэлсээр иржээ.
Луу-тэнгэр, лусын хүчтэн, хангарьд-жигүүртний хаан, арслан- араатны хаан, бар-ойн буюу уулын эзэн юм. Харин Дөрвөн хүчтэний бүхий л шинжийг багтаан нэгэн дүрсэд оруулсан хээг “зээ бад” гэж нэрлэн хөөрөгний мөр, хэтний нүүр, сүм дуган, орд харшийн хаалганы чимэглэлд хэрэглэсээр иржээ. Тус тоглоомын гадна хүрээгээр 12 ширхэг зээ бад хээ чимэглэсэн нь энэ тоглоом газар, тэнгэр, далай, тэнгисийг эрхшээсэн их хүчийг олсон бэлгэдэлтэй гэдгийг нотлон харуулж байна.
Тоглох аргачлал: Оньсон тоглоомын гол зарчим нь хүний оюун ухаан, мэдлэг, авхаалж самбаа, ой тогтоолт зэргийг шалгасан нүүдэлчдийн ахуй амьдрал, шүтлэг, сүсэг бишрэл, оюуны сэтгэлгээг илтгэсэн байдгаараа онцлог. Монголчуудын уламжлалт оньсон тоглоомыг угсрах, эвлүүлэх, зангидах, задлах, гаргах зэрэг олон төрлөөр бүтээж түүнийгээ даруулах, шургуулах, давуулах, дагуулах, ороох, углах, өшиглүүлэх, тээглүүлэх зэрэг олон үйлдлээр гүйцэтгүүлдэг байна. Үүний нэг “Дөрвөн хүчтэн” наадгайг эвлүүлэн оньслох аргаар тоглох зарчимтай ажээ. Энэ тоглоомыг тоглохдоо зургаан өнцөгт хэлбэртэй саванд дөрвөн амьтныг сууриар нь багтаан өрснөөр тоглоом дуусна. Суурин дээрх тоглоомуудыг багтаахад юуны өмнө аль тоглоомоос эхлэх вэ гэдгийг олох нь чухал. Эдгээр Дөрвөн хүчтэний хангарьд, луу хоёр хүчтэн нь тэнгэрийн амьтан. Нөгөө бар, арслан хоёр нь газрын амьтан. Энэ саванд дөрвүүлээ багтаж байж сая тэнгэр газрын хүчтэнгүүд нэгдэхээр 4 зүгийг эрхшээх хүчтэй болно гэсэн утга санааг илэрхийлсэн гэж үздэг байна.