Нийслэл болон зарим аймагт хөл хориог гурав хоног сунгана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар, УОК-ын өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд өнөөдөр болж байна. Хуралдаанаар, Бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгах нийслэл болон Архангай, Сэлэнгэ аймагт гурав хоногоор сунгаж 12 дугаар сарын 14-ний 06.00 цаг хүртэл сунгах УОК-ын саналыг хэлэлцэж байна.
УОК-ын өчигдрийн хуралдаанаар гаргасан саналыг УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа. Олон улсын байгууллагын дүгнэлт, мэргэжлийн байгууллага, эрдэмтдийн зөвлөлийн санал дүгнэлтийг үндэслэн иргэд, аж ахуйн нэгжид учрах эдийн засаг, санхүүгийн эрсдэлийг даван туулах зорилгоор хөл хориог үе шаттай бууруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Ингэхдээ, нийслэл болон Архангай, Сэлэнгэ аймагт Бэлэн байдалд шилжсэн хугацааг амралтын өдрийг нэмж тооцон гурав хоног сунгахаар санал гаргасан байна. Энэ хугацаанд олон хоног ажиллаагүй аж ахуйн нэгж, байгууллагууд ариутгал, халдваргүйтгэлийн ажил явуулна гэдгийг тодотголоо.
Халдвар бүртгэгдсэн Архангай аймгийн Батцэнгэл сум, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар суманд Бэлэн байдалд шилжсэн хугацаа дуусмагц үргэлжлүүлэн энэ сарын 21-ний 06.00 цаг хүртэл үргэлжлүүлж Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх бэлтгэл, бэлэн байдлыг хангахыг санал болгов.
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд эл саналыг хэлэлцэн шийдвэрлэнэ.