Их Британийн эрх баригчид хүнсний бүтээгдэхүүн нөөцлөхийг зөвлөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-12-13 13:44:15

ЛОНДОН. /The Sunday Times/. Европын Холбоотой хийж буй хэлэлцээ мухардалд орж, гэрээ байгуулахгүйгээр тус холбоог орхиж болзошгүй байгаатай холбогдуулан Их Британийн Засгийн газар хүнсний бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх шаардлагатай байгааг супермаркетуудад анхааруулсан байна.


Их Британийн эрх баригчид гэрээгүй “Brexit” нь хүнс, эм  зэрэг бусад амин чухал хэрэгцээтэй бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлж, хомсдол үүсгэж болзошгүй гэж болгоомжилж байгаа бөгөөд ханган нийлүүлэгчдээс зургаан долоо хоногийн нөөц бий болгож, хадгалах нөхцөл бүрдүүлэхийг хүсжээ.


Их Британи, ЕХ-ны хооронд байгуулах худалдааны хэлэлцээрийн асуудлыг шийдвэрлэх ээлжит оролдлого бямба гаргийн орой бүтэлгүйтсэн тухай "Bloomberg" агентлаг эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилсан байна. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нар ням гарагт уулзаж, хэлэлцээтэй холбоотой нөхцөл байдлыг хэлэлцэж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлжээ.


Их Британи улс ЕХ-ноос энэ оны 1 дүгээр сарын 31-нд албан ёсоор гарсан боловч 2021 онд бүрмөсөн орхих юм. Талууд “цаашдаа хоёр талын худалдааг хэрхэн зохицуулах вэ” гэдгээ шилжилтийн үе буюу өнгөрсөн 11 сарын хугацаанд амжиж тохиролцох ёстой байсан боловч өнөөдрийн байдлаар ямар ч тохиролцоонд хүрээгүй байгаа юм.


Холбоотой мэдээ