Шарын голын Зосон зураг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан
нутаг судлаач, Дархан-Уул аймгийн музейн захирал, дэд профессор Д.Жамбалдоржийн
“Дархан нутгийн түүх, соёлын дурсгалууд-2” номд орсон ховор, түүхийн
дурсгалуудаас дээжлэн хүргэж байна.
Дарханаас хойш 25 км-т орших Шарын Цагаан нуураас зүүнтээ Шарын голын хөндий рүү хойноос түрж орсон хадтай жижиг уулын урд баруун хормойгоор эртний дугуй, дөрвөлжин чулуун далантай жижиг булш, хиргисүүр 20 гаруй бий. Уулын урд талын хясаалж тогтсон толигор хаданд 3 хэсэг газар улаан зосоор зураг зурсныг 1980 онд А.П.Окладников, Д.Дорж нарын удирдсан Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн чулуун зэвсгийн дурсгал судлах ангийнхан олж илрүүлжээ.
Уг зурагт урагшаа харсан том толигор хаданд далавчаа дэвээд халин нисч буй бүргэд (махчин маягийн шувуу) зураад түүний баруун доор хоёр зэрэгцээ замаар эсрэг зүг xoёр хоёроороо цуварч яваа дөрвөн морьд дүрсэлсэн нь байршлын хувьд сонин бас сонирхол татаж буйг судлаачид онцолсон байна.
Дээд талын замаар явж буй морьд баруун тийш, доод замаар явж буй хоёр морь зүүн тийш цуварч явж буйг дүрсэлжээ. Морьд гурвалжин шовх чихтэй, урт биетэй, нарийвтар хөлтэй байх аж.
Эхний зургаас 2 м орчим зайтай бас нэгэн зураг бий. Энд өргөн зураасаар дөрвөлжин хүрээ татаж, түүний дотор дээд хэсэгт нь нэг эгнээ таван цэг, төв хэсэгт хоёр хүний тойм дүрс баруун доод хэсэгт нь гурван цэг дүрсэлжээ.
Харин хоёр дахь зургаас баруун тийш 5 орчим метрийн зайд бас нэгэн зураг бий. Энд гурван хүнийг хөтлөлцөөд зогсч буйгаар дүрсэлсэн бөгөөд тэдний дээр нэг, зүүн талд нэлээд зайтай бас нэг, нийт таван хүнийг дүрсэлжээ.
Энэхүү Зосон зургийг зарим сайт, мэдээллийн хэрэгслүүд андуурч нийтлэх, өнгө будгаар дүрсэлсэн зургийг нийтлэх нь түгээмэл байдаг аж. Тиймээс түүхийн үнэнийг гуйвуулахгүй, үнэн бодит зургийг эх сурвалжтай нь нийтлэх хэрэгтэйг түүхчид, судлаачид онцолж байна.