“Шилдэг эрх зүйн баг” шалгаруулах уралдааны шилдгүүдийг тодруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-15 20:32:29

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс хамтран “Шилдэг эрх зүйн баг” шалгаруулах уралдаан зарласнаа дүгнэлээ.

Уралдаанд Сэлэнгэ, Бүрэгхангай, Тэшиг, Рашаант, Сайхан сумын “Эрх зүйн баг” шалгарч 200,0-800,0 мянган төгрөгийн шагнал авахаар болжээ.

-Энэ уралдааны онцлог нь “Ковид-19” халдвараас сэргийлэх, хорио цээрийн дэглэмтэй үед эрх зүйн боловсролыг хүртээмжтэй хүргэх ямар боломж байгааг дайчлахыг зорьсон. Цахим болон хэвлэмэл хэлбэрээр иргэдэд хууль тогтоомж сурталчлахад ахиц гарлаа гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Ж.Оюунгэрэл ярилаа.

Сумын эрх зүйн баг албан ёсны цахим хуудсаар дамжуулан 1110 төрлийн хууль, эрх зүйн мэдээллийг давхардсан тоогооор 21,4 мянга гаруй иргэнд хүргэсэн байна. Мөн шинээр мөрдөгдөж байгаа 68 хуулиар эрх зүйн мэдээлэл бэлтгэж, 80 гаруй богино хэмжээний кино, сурталчилгаа, хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх цуврал дүрс бичлэг зэргийг цахим хэлбэрээр сурталчилжээ. Аймгийн хэмжээгээр эрх зүйн багийнхан давхардсан тоогоор 22,6 мянга гаруй иргэнд хууль, тогтоомж сурталчлах, мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулсан байна.

Холбоотой мэдээ