Мал, тэжээвэр амьтдын тооллого өнөөдрөөс эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-12-16 20:35:56

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд мал, тэжээвэр амьтдын тооллого өнөөдрөөс эхэлж байна.


Жил бүрийн 12 дугаар сард Монгол Улсын жилийн эцсийн мал тооллогыг улс даяар зохион байгуулдаг. Үүний дагуу 2020 оны жилийн эцсийн мал тооллогыг зохион байгуулах аймгийн комиссыг байгуулан, бэлтгэл ажлаа бүрэн хангаад тооллогоо эхлээд байна хэмээн Говь-Алтай аймгийн Статистикийн газраас мэдээллээ. 

Тооллогыг 12 дугаар сарын 16-26-ны хооронд Статистикийн газар, сумдын ЗДТГ, багийн Засаг дарга, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн хамтран хийх юм. Үүнтэй холбоотойгоор малтай өрх, ААНБ бүр мал, тэжээвэр амьтдын 2020 оны тооллогод идэвхтэй хамрагдахыг уриаллаа.


Говь-Алтай аймгийн мал сүргийн тоо 2019 оны жилийн эцсээр 3,597,242 мянган толгойд хүрсэн байдаг. Үүнд: адуу 132430, үхэр 84467, тэмээ 44436, хонь 1066507, ямаа 2269402 мянган толгой тоологджээ. Тус аймгийн хэмжээнд малын тоогоор Дэлгэр сум 305697, Цогт 300962, Халиун 247095, Эрдэнэ 244423, Чандмань 229726 мянган толгой малтайгаар тэргүүлсэн бол хамгийн олон адуутай сумаар Хөхморьт, олон тэмээтэй сумаар Төгрөг, олон үхэртэй сумаар Бигэр, олон хоньтой сумаар Дэлгэр, олон ямаатай сумаар Цогт сум шалгарч байсан билээ.


Холбоотой мэдээ