А.Амбасэлмаа: Улаанбаатар халдварын том голомтот бүс нутаг болсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-12-19 11:37:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 


-Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 379 хүнийг тусгаарласан. Тэдгээрийн эмчилгээ хэвийн явж байгаа юу?


-Баянзүрх дүүргийн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ хэвийн журмаар явж байгаа. Эм тариа тасалдаж, доголдсон зүйл байхгүй. Эмчилгээний хоног дуусаж эмнэлгээс гарч байгаа иргэдийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлана. Баянзүрх дүүргийн эмнэлгийн асуудлаар НЭМГ-аас анхаарч шуурхай зохицуулалт хийсэн. Тэнд хэвтэж байгаа хүмүүсийн эмчилгээнд анхаарч халдварын эрсдэлтэй байсан эмч ажилчдыг өөр газраас нөхөн ажиллуулж байна.


-"Амгалан" гаалийн ажилтны халдвар авсан эх үүсвэрийг тогтоосон уу. Баянзүрх дүүргийн шинэ тохиолдолтой нэг эх үүсвэртэй байж болох уу? 


-Цар тахлын үед халдварыг хаанаас ч авч болно. Эндээс, тэндээс халдвар авсан гэж ярих нь цар тахлын үед ач холбогдолгүй. Тухайн иргэнийг гаалийн ажилтан гэж цоллох нь ч зохимжгүй юм. Тухайн иргэн төмөр замын гааль дээр ажилладаг эрсдэл өндөртэй хүн. Тиймээс халдвар авсан. Амьсгалын замаар дамжиж байгаа энэ өвчний маш олон голомт үүссэний дараа шинж тэмдэггүй гадуур яваа хүн ардын тоо олон, эрсдэл өндөр байж болно. Тиймээс өөрсдийгөө хамгаалах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Улаанбаатар бол том голомт бүс нутаг болсон. 


Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн халдвар түрүүчийн халдварууд хоорондоо уялдаа холбоо байгаа эсэхийг хараахан тогтоогоогүй, хавьтлыг нь бүрэн илрүүлээгүй байна.


-Том зах худалдааны төвд халдвар хамгааллын дэглэм барихгүй байх асуудал үүсгэж байна?

-Хүн хоорондын зай барихгүй байдал иргэдийн дунд түгээмэл байна. ЭМЯ-ны цахим хуудсанд Ковид-19 цэс дээр албан байгууллага, хувь хүнд зориулсан зөвлөмж байгаа. Халдваргүйтгэл хийх бүх зөвлөмжийг өгсөн. Үйлдвэр худалдааны байгууллага, аж ахуйн нэгж хариуцлагатай байх, хувь хүн бүр бие биедээ шаардлага тавих цаг үе ирсэн. Таны хажууд халдвартай, шинж тэмдэггүй хүн байх бүрэн боломжтой. Өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах нь таны ухамсрын асуудал. 

Холбоотой мэдээ