Д.Коркиний нэрэмжит тэмцээнд манай бөхчүүд хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТОХУ-ын Якут улсын Якутск хотын “Триумф” спортын ордонд ирэх 10 дугаар сарын 3-4-нд болох ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний дурсгалд зориулсан чөлөөт бөхийн уламжлалт “Гран при” олон улсын найм дахь тэмцээнд манай бөхчүүд хүч сорихоор очжээ.
Монголын бөхчүүд анхдугаар тэмцээнээс нь эхлэн тасралтгүй оролцож Э.Бэхбаяр, Б.Анхбаяр нар алтан медаль хүртэж байсан, Харин өнгөрсөн жил Б.Нямдорж, Б.Батзориг, П.Өнөрбат, Н.Золбоо нар хүрэл медальтай ирсэн. Энэ удаагийн тэмцээнд үндэсний эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр шүүгчээр оролцож байна. Тус тэмцээний 61 кг-д ОУХМ Б. Нэмэхбаяр /Дархан-Уул аймаг, ”Хасу-Мегаватт” клуб/, 74 кг-д ОУХМ Д.Гомбодорж /”Арслан” клуб/, 86 кг-д СМ Л.Төртогтох /”Ганьт” клуб/ нар зодоглоно.
Тэмцээнд Азербайжан, АНУ, Армян, Беларусь, Болгар, Бразил, БНХАУ, Грек, Киргиз, Израиль, Латви, Македони, Молдав, Монгол, Румын, Серб, Тажик, Турк, Узбек, Украин, Финланд, Хорват, Эстони зэрэг гадаадын 25 орон, ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Буриад, Дагестан, Кабардино-Балкари, Тува, Хойд Осет, Якут улс, Кемерово муж, Красноярскийн хязгаарын бөхчүүд барилдана.
Тэмцээний шагналын сан 64 мянган ам.доллар бөгөөд алтан медаль 3, мөнгөн медаль 2, хүрэл медаль 1 мянган ам.доллар хүртэх бол түрүүлсэн бөхийн дасгалжуулагчид 1 мянган ам.доллар урамшуулал болгон олгох юм.
Энэ үеэр олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүнийг шинэчлэх үйл ажиллагааны эхний шат болох олон улсын хоёрдугаар зэрэглэлийн шүүгчийн зэрэг олгох онолын сургалт энэ тэмцээний үеэр болно. Хоёр дахь шат нь энэ оны 12 дугаар сарын 9-12-нд ОХУ-ын Сочи хотод болно, уг хоёрдугаар шатны сургалт нь зуны олимпийн “Рио-де-Жанейро -2016” наадамд оролцуулах шүүгчдийн сонгон шалгаруулалтын эхний шат болох юм.
Д.Өлзий
Сэтгэгдлүүд