Харвардын бизнесийн сургуулийн хөтөлбөрийг Монголд албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-22 16:29:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Компани, ААН-ийн удирдлага, менежерүүд, гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан “1000 CEO, 1000 хүчирхэг компани” хөтөлбөрийн хүрээнд “Executive summit 2020” виртаул сургалт хэлэлцүүлэг МҮХАҮТ-д өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ. 


Дэлхий нийтийг хамарсан "COVID-19"-ийн цар тахлын нөхцөлд бизнес эрхлэгчид зогсолтгүй хөгжиж, гарч буй сорилтыг удирдах нөхцөл байдалд шилжиж буйг хэлэлцүүлгээр хөндөж байв. Хэлэлцүүлгийн үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, "Бид дэлхийн ТОП сургуулиудтай  хамтарч шилдэг СЕО нарыг бэлтгэнэ" хэмээн онцолсон юм. Учир нь тус танхимын дэргэдэх Бизнес академи Харвардын Бизнесийн сургуулийн хөтөлбөрийг Монголд албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж байгаа аж. Үүний шаардлага юунд байгааг Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын тэргүүнээс тодруулахад, тэрээр, "Манайхаас өнгөрсөн 11 дүгээр сард компанийн засаглал-удирдлагын талаар Монголдоо топ гэгдэх 200 компанийн дунд судалгаа явуулахад 2 асуудлыг голлон дурдсан юм. 

Энэ нь нэгдүгээрт, Монголын ААН-үүдэд гүйцэтгэх түвшиний удирдлагын чадвар, хоёрдугаарт,  нарийн мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөц дутмаг байгаа нь гарсан. Эдгээрийг шийдэхэд манлайллын хөтөлбөр чухал үүрэгтэй" гэдгийг тодотгож байв.


“Executive summit 2020” виртаул сургалт-хэлэлцүүлэгт Монголын бизнесийн салбарын нөлөө бүхий эрхмүүд оролцож байна. Тухайлбал, "М-Си-Эс" группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, "АПУ" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэбилэг, "Анд Глобал" ХХК-ийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Б.Хос-Эрдэнэ, "Мобиком" корпорацын Мэдээллийн технологийн газрын захирал Б.Мөнхзориг нар бизнес зогсонги байдалд орсон, нөхцөл байдал тодорхойгүй энэ цаг үед хэрхэн ухаалаг шийдэл олох, бизнесээ хөрвүүлэх талаар санаа бодлоо солилцлоо.


Энд оролцсон зарим бизнес эрхлэгч нарын санал, хэлсэн үгийг хүргэвэл, "Ард санхүүгийн нэгдэл" ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, бэрхшээл, боломж хоёр бол нэг зоосны хоёр тал юм хэмээн дурдаж, "Өнөөгийн зах зээлийн нөхцөлд хэн хамгийн түрүүнд сургамжуудыг гаргаж аваад, тогтсон арга барилаа өөрчлөөд, хурдан хөдөлж чадсан нь тэсэж үлдэх цаг. Улс орнуудын хувь хууль эрх зүйн зохицуулалтаа зөв өөрчилж тохируулах, цахим хувьсалтай хөл нийлүүлэн, технологиудыг өргөтгөх, нууцлалыг сайжруулах зэрэг асуудлыг шийдэж байна" гэсэн байр сууриа илэрхийлэв. 

Тэгвэл "Ай Си Ти групп" ХХК-ийн технологийн захирал А.Баттамир, "Бид харилцагчид руугаа технологийн хөрөнгө оруулалт хийхийг зорьж байна. Бид өөрсдөө технологийн шинэчлэлийг яаж хийж байна гэхээсээ илүү харилцагчид руугаа чиглэсэн ямар шинэчлэл хийж байна гэдэг нь өнөөдөр гол болоод байна. Эрүүл мэндийн салбарт гэхэд 200 гаруй эмнэлэг, лабораторийг холбосон систем нэвтрүүллээ. Шинэ, ухаалаг технологи бүрийн цаана шинэ сорилт, хөгжил явж байна" гэдгийг онцолсон юм.



Холбоотой мэдээ