БНХАУ эдийн засгаараа АНУ-ыг 2028 онд гүйцэж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-12-27 12:58:31

ЛОНДОН. /Bloomberg/. БНХАУ 2028 онд буюу урьд нь таамаглаж байснаас таван жилийн өмнө дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болох төлөвтэй байна гэж Их Британийн Эдийн засаг, бизнесийн судалгааны төв бямба гарагт мэдээллээ.


БНХАУ коронавирусний цар тахлыг АНУ болон өрнөдийн орнуудаас илүү хурдан хугацаанд даван туулж байгаатай холбоотойгоор эдийн засгаараа 2028 онд АНУ-ыг гүйцэх төлөвтэй байгаа ажээ.


World Economic League Table” тайланд дурдсанаар, БНХАУ 2023 онд хамгийн өндөр орлого бүхий эдийн засагтай орон болж магадгүй байна. Мөн Энэтхэг улс 2030 он гэхэд дэлхийд эдийн засгаараа гуравдугаарт жагсах төлөвтэй байгааг тэмдэглэжээ.



БНХАУ цар тахалд дэлхийн улс орнуудаас хамгийн эхэнд нэрвэгдсэн боловч эдийн засаг нь түргэн хугацаанд сэргэж байгааг тус улсын Засгийн газрын мэдээлэл харуулж байгаа юм. Иймээс өрнөдийн орнууд Азид болж буй үйл явдлуудад илүү анхаарал хандуулах хэрэгтэй гэж "World Economic League Table" тайланд дурдсан байна.


“Бид өөрсдийгөө ихэвчлэн өрнөдийн бусад оронтой харьцуулдгийн улмаас зарим тохиолдолд Азийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орнуудын сайн туршлагыг анзаарахгүй өнгөрч байна” гэж Эдийн засаг, бизнесийн судалгааны төвийн судлаачид бичжээ. 

Холбоотой мэдээ