Өмнөд Африкт бүртгэгдсэн коронавирусний шинэ хувилбар Швейцарт илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-12-28 10:56:42

ЖЕНЕВ. /TASS/. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн коронавирусний шинэ хувилбараар халдварласан хоёр тохиолдол Швейцарт бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн удирдах газар мэдээлжээ.


“Цюрихийн Политехникийн сургууль коронавирусний халдвар авсан болох нь батлагдсан хүмүүсээс авсан 500 орчим сорьцыг [био материал] шинжлэхэд хоёр сорьцоос Өмнөд Африкийн хувилбар илэрлээ” гэж мэдээлэлд тэмдэглэсэн байна. Үүний нэг тохиолдол нь Швейцарын Швиц мужид оршин суудаг иргэнээс, хоёр дахь нь хөрш Франц улсын иргэнээс илэрчээ. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн удирдах газар “Швиц болон Францын эрх баригчидтай холбоо тогтоосон байна”. Илүү хурдан халдварладаг хувьссан вирус илрээд байгаа Өмнөд Африк болон Их Британиас 12 дугаар сарын 14-нөөс хойш ирсэн бүх хүн 10 хоногийн хорио цээрийн дэглэм сахих ёстойг тус байгууллага сануулжээ.


Одоогийн байдлаар Швейцарт Их Британид илэрсэн шинэ хувилбарын хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс гадна Швейцарын эрүүл мэндийн байгууллагуудтай нягт хамтран ажилладаг хөрш Лихтенштейнд Британийн хувилбараар халдварласан нэг тохиолдол илэрчээ.


Өмнөд Африкт эхэлсэн цар тахлын хоёр дахь давлагаа нь мутацид орсон коронавирусээс үүдэлтэй гэж тус улсын эрх баригчид 12-р сарын 21-нд мэдэгдсэн юм. “501.V2” гэж нэрлэсэн шинэ хувилбар хоёр сар орчмын өмнө Энэтхэгийн далайн эрэгт орших Зүүн Кейп мужийн Нельсон Мандела Бэй тойрогт илэрчээ. Өмнөд Африкийн эрдэмтдийн хэлж буйгаар, шинэ хувилбараар залуус голдуу халдварлаж байгаа аж.


Хувьссан коронавирус илэрсэнтэй холбогдуулан 20 орчим орон Өмнөд Африктай шууд нислэгээ зогсоожээ.


Холбоотой мэдээ