2021 оныг “Бизнесийг дэмжих жил” болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-01-04 17:58:22
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-аас 2021 оныг “Бизнесийг дэмжих жил” болгон зарлаж, баялаг бүтээгчдийг дэмжин төр, ИНБ, хувийн хэвшлийн салбаруудын хамтын ажиллагааг хөгжүүлэхээ мэдэгдлээ.

Шинэ оны ажлын анхны өдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат аймгийн хэлтэс, агентлагийн удирдлагуудад хийсэн мэдээллийн үеэр энэ жил иргэдийн санал бодлыг сонсож, асуудлыг шийдвэрлэн баялаг бүтээгчдээ дэмжин, төр, ИНБ, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, шинэлэг арга барилаар ажиллана гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.

Шинэ оны эхний захирамжаараа ч энэ бүгдийг баталгаажуулна гэлээ. Тодруулбал, долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр аймаг, сумын Засаг дарга нар иргэдтэйгээ уулзаж, тэдний санал бодлыг сонсдог байх, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийг олон талаар дэмжин ажиллах тухай шийдвэр гаргана гэдгээ онцолсон аж. 

Мөн ЗДТГ-ын үйл ажиллагаанд дотооддоо мөрдөгдөж байгаа 40 гаруй журмыг цэгцлэн илүү боловсронгуй болгохыг аймгийн ЗДТГ-т үүрэг болгож, төрийн албан хаагчид албан үүргээ гүйцэтгэхдээ ёс, журмын дагуу хувцаслаж, төрийн албыг болон ард иргэдээ хүндэтгэж байхыг анхааруулжээ. 

Холбоотой мэдээ