Ливийн эргээс 100 гаруй цогцос олджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТРИПОЛИ. /ВВС/. Ливийн эрэгт 100 гаруй хүний цогцос шидэгджээ. Эдгээрийг Африкаас Европт хүрэхээр явж байх замдаа амиа алдсан хүмүүсийнх байж магадгүй гэж албаны хүмүүс таамаглаж байна.
Газар Дундын тэнгистэй залгаа Ливийн баруун урд нутгийн нэгэн хот орчмын эргээс цогцсуудыг өнгөрсөн пүрэв гарагт олжээ.
Нэг долоо хоног орчмын өмнө амиа алдсан 116 хүний цогцос олдсон гэж Ливийн Эргийн харуулын албаныхан Цагаачлалын асуудал хариуцсан олон улсын байгууллагад мэдэгдсэн аж.
Цогцсуудыг хараахан таниагүй байгаа боловч Газар Дундын тэнгист живсэн хөлөг онгоцуудад сууж явсан хүмүүсийнх байж магадгүй гэж үзэж байна. НҮБ-ын мэдэгдсэнээр, өнгөрсөн долоо хоногт 880 орчим цагаач болон дүрвэгч живж амиа алджээ.
Европт хүрэх гэсэн дүрвэгчид болон цагаачид одоо Африкаас Итали орох замыг ашиглаж байна. Ингэснээр Туркээр дамжин явах цагаачдын тоо буурч байгаа гэнэ.
Италийн Засгийн газар Европын бусад улстай хамтран Газар Дундын тэнгисийн өргөн уудам талбайг хамарсан бүсүүдэд эрж хайх, аврах ажиллагаа өрнүүлсээр байна.
Зун болж байгаатай холбоотойгоор цагаачид болон дүрвэгчдийн тоо эрс нэмэгдэх хандлагатай байна.
Г.Доржханд