Дайэйшёо 8 даваатай ганцаараа башёг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-01-17 17:28:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 2021 оны анхны тэмцээн Хацү башёгийн 8 дахь өдрийн барилдаанд Дайэйшёо /М-1/ 8 даваатай башёг ганцаараа тэргүүлж байна.


Түүний араас Озэки Шодай, Мейсэй /М-7/ Акисэяама /М-16/, Тамаваши /М-4/ Б.Мөнх-Оргил нар 6 даваатай нэхэж явна.


Өнөөдөр Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Окиноүми /М-5/-г уватэнаге мэхээр давснаар 5 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байгаа бол Тамаваши Б.Мөнх-Оргил, Озэки Такакейшо /М-2/-г окүридаши мэхээр унагаж мөн 5 даваатай болов. Кирибаяама Б.Лхагвасүрэн, Котоеко /М-11/-г окүридаши мэхээр хаяж, башёг тэргүүлэгдийн 2 дугаар эгнээнд шилжиж 6 даваатай болов. Ичиножёо А.Ичинноров, Ютакаяама /М-16/-д ошидаши мэхээр ойчиж, 3 унаатай болсон бол Хошёорюү С.Бямбасүрэн, Аойяама /М-10/-тай барилдаж, түүнийг ёрикири мэхээр давснаар 5 унаа, 3 даваатай байна.


Энэ башёг тэргүүлэгч гурван Озэки цолтны нэг Шодай, Комүсүби Митакэүми /М-3/-д ёрикири мэхээр унаж 6 даваа, 2 унаатай байгаа бол  энэ башёд тун тааруухан байгаа Озэки Такакейшо, Тамаваши-д унаснаар энэ башёг 6 унаа, 2 даваатай үргэлжлүүлж байна. Харин Озэки Асанояама, Эндо /М-5/-г ошидаши мэхээр давж, 5 дахь даваагаа авлаа.


Маргааш Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Рюүдэн /М-6/-тэй, Тамаваши Б.Мөнх-Оргил, Озэки Шодайтай, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Ичиножёо А.Ичинноровтой, Хошёорюү С.Бямбасүрэн, Тэрүцүоши /М-12/-тай тус тус барилдана. 

Холбоотой мэдээ