Монголд гадаад улсын 85 ТББ, төлөөлөгчийн газар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-01-19 13:25:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад 2020 оны байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллага, салбар төлөөлөгчийн 85 газар Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгэлтэй байдаг.


Тус байгууллагад бүртгэлтэй олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газруудын 2020 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг 2021 оны 2 дугаар сарын 01-05-нд шуудангаар хүлээн авах юм байна.


Ташрамд сонихуулахад, Монголд үйл ажиллагаа явуулдаг эдгээр байгууллагын дийлэнх нь боловсрол, хүмүүнлэгийн салбарынх аж. Мөн байгаль орчин, халамж, эдийн засаг, улс төр, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.


Тэднээс олон жил үйл ажиллагаа явуулж байгаа зарим байгууллагыг танилцуулж байна.


Тухайлбал, Олон улсын “Адра” байгууллага нь эдийн засгийн тогтвортой хөгжилд туслах, эрүүл мэнд, боловсролын салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нийгмийн хөгжилд зориулсан төрөл бүрийн төсөл хэрэгжүүлэх, нэн дорой амьдралтай хүмүүст буцалтгүй тусламж үзүүлэх ажил зохион байгуулах үйл ажиллагаа явуулдаг байна. Тус байгууллага 1992 оноос Монгол Улсад ажиллаж байгаа юм. /Боливи Улсын иргэн Orellana Guevara Jos/


АНУ-д төвтэй “Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага” нь хүмүүнлэгийн салбарт үзүүлэх тусламжийн хүрээнд боловсрол, эрүүлийг хамгаалах, скаутын хөдөлгөөн, тооцоолон  бодох, барилга, хот байгуулалт, төлөвлөлт, банк бизнес зэрэг салбарт 1994 оноос төсөл хэрэгжүүлж байна. /АНУ-ын иргэн Taylor -Thomas Green/


ХБНГУ “Хэлп интернэшнл” байгууллага нь 1994 оноос ядуу хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, аливаа буруу зуршил, хүмүүжилтэй хүмүүсийг тусгай хөтөлбөрөөр дахин хүмүүжил олгох сургууль байгуулж ажиллуулах, төрөл бүрийн соёл хүмүүжлийн арга хэмжээ зохиох, давтан сургалт явуулах, дүрс бичлэг болон хэвлэлийн аргаар үйл ажиллагааны талаар сурталчилгаа хийх, тараах үйл ажиллагаа явуулдаг байна. /Wuethrich Thomas Marcel/


АНУ-ын “Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн” байгууллага нь 1997 оноос ардчиллын байгууллагын үүсэл хөгжилтөд туслах, Монгол Улсын улс  төрийн намуудад техникийн туслалцаа үзүүлэх зорилготой ажилладаг. /Craig Matthew Castagna/


БНХАУ /Гонконг/ “Мандах нар” байгууллага нь 1993 оноос боловсрол, эрүүл мэндийн салбарт сайн санааны тусламж үзүүлэх, тусгай боловсролын сургалт зохион байгуулдаг байна. /АНУ-ын иргэн Schlossmacher Edward John/


ХБНГУ-д төвтэй “Конрад Аденаурын сан” 1994 оноос хөгжлийн тусламж үзүүлэх замаар олон улсын хамтын ажиллагааг дэмжих, улс төрийн шийдвэр гаргах замаар нийгмийн судалгаа явуулах, авьяастнуудад тэтгэмж олгох, иргэдэд төрийн талаар мэдлэг олгох зорилготой үйл ажиллагаа байна.


Австрали улсад төвтэй “Сайн Хөрш нийгэмлэг” /цэцэрлэгийн тусгай зөвшөөрөлтэй/ нь 1994 оноос Монголын ард түмний эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх, олон нийтэд эрүүл мэндийн ерөнхий боловсрол олгох, бусад хүмүүнлэгийн болон хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг байна.


Монгол Улсад олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газрыг бүртгүүлэх, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах, хугацааг сунгах, татан буулгахад Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газарт ханддаг юм байна. 

Холбоотой мэдээ