Эрдэнэмандал сумын цэцэрлэгийн дотор монтаж, бохирын шугамыг иж бүрэн шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-01-19 15:46:18

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Золжаргалаар ахлуулсан ажлын баг Эрдэнэмандал, Хайрхан суманд ажиллаж, сумдын төсөвт байгууллагуудын нөхцөл байдал, сумын өвөлжилт, цар тахлын үеийн бэлэн байдал, тусгаарлах байрны шаардлага, хангалттай танилцаад явж байна.

Ажлын баг бүрэлдэхүүн өнгөрсөн хугацаанд арав гаруй сумаар томилолтоор явж, нөхцөл байдалтай танилцаад байгаа юм. Томилолтын хүрээнд аймгийн Засаг дарга Д.Золжаргал сумдын Эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг, дотуур байр гэсэн хүүхэд багачууд болон өндөр настан, эрүүл мэндийн үзлэгт шинжилгээнд хамрагдаж, хэвтэн эмчлүүлж буй ард иргэдийн тав тухтай байдлыг нэн тэргүүнд тавьж, дээрх байгууллагуудын дэд бүтэц, цэвэр, бохирын шугамын асуудлыг шийдвэрлэн ажиллана гэлээ.

Эрдэнэмандал, Хайрхан суманд цэцэрлэг, эмнэлэг зэрэг албан байгууллагууд нь дэд бүтцээ тодорхой хэмжээнд шийдвэрлэн ажиллаж байгааг нутгийн удирдлагууд онцолж байв. Мөн Засаг дарга Д.Золжаргал дараах асуудлуудыг шийдвэрлэхээр болсон юм.

- Эрдэнэмандал суманд барьсан шинэ эмнэлгийг хуучин эмнэлэгтэй холбох хүзүүвчийн барилгыг шийдвэрлэх,

- Эрдэнэмандал сумын хүүхдийн цэцэрлэгийн дотор монтаж, бохирын шугамыг иж бүрэн шийдвэрлэх ,

- Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн халаалтын шугам сүлжээг бүрэн сольж өгөх,

Түүнчлэн Эрдэнэмандал суманд төсөв санхүүгийн асуудлаар 4 жил гацаад байсан Үйлдвэр технологийн паркийн махны цехийн барилгатай танилцаж, цаашид асуудлыг хэрхэн шийдвэрлэх, үйл ажиллагааг нээн ажиллуулах тал дээр сумын удирдлагуудтай ярилцаж, шийдвэрлэхээр боллоо.

Холбоотой мэдээ