Эмзэг бүлгийн эх, хүүхдэд дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-01-20 10:39:36

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Европын холбооны санхүүжилтээр Дэлхийн зөн Монгол ОУБ-аас хэрэгжүүлж буй “Хамтдаа даван туулъя” төсөл Өвөрхангай аймагт энэ сарын 15-нд нээлтээ хийлээ. Төслийн хүрээнд цар тахлын үед эмзэг бүлгийн эх хүүхдэд чиглэсэн хоол тэжээл, эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих замаар өрхийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх аж.

Төсөлд Арвайхээр сумын 1,7,12 дугаар багийн 100 өрх, 3 хүртэлх насны хүүхэдтэй 150 эх, хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй 450 хүүхэд хамрагдахаар болжээ.

Өвөрхангай аймгийн хувьд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл сүүлийн жилүүдэд буурч, улсын дунджаас доогуур үзүүлэлттэй байгаа боловч энэ насны хүүхдүүдийн дунд туранхай, өсөлтийн хоцрогдолтой, D, A амин дэмийн дутагдалтай хүүхдүүдийн эзлэх хувь төдийлөн буурахгүй байна.

Мөн аймгийн нийт өрхийн 30 орчим хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой ба жижиглэнгийн худалдаа эрхэлдэг, ачаа бараа буулгаж өдрийнхөө орлогыг олдог, цагийн болон улирлын чанартай ажил эрхэлдэг, гэрээрээ жижиг үйлдвэрлэл хийдэг иргэд нэлээдгүй байдаг аж. Дээрх төсөлд эдгээр иргэдээс хамруулан өрхийн бизнесээ эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.

Төслийг хэрэгжүүлэх гэрээнд аймгийн Засаг даргын орлогч С.Ундрах цахим хэлбэрээр оролцон гарын үсэг зурлаа. 

Холбоотой мэдээ