Дэлхийн банкны 50.7 сая ам.долларын санхүүжилтээр хүн амын 60 хувийг вакцинжуулна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-20 12:29:30
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжив.


Төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөж, дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарах юм. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа "Монгол Улсад COVID-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийн хүрээнд 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар төлөвлөж байна.


Дээрх хөрөнгийг хүн амын 60 хүртэл хувийг дархлаажуулахад хүрэлцэх вакцин авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, орон даяар түгээх, хянах зэрэгт зарцуулна. Мөн тарилга хийх, гарч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтад хамрах түвшинг үнэлэх зорилгоор 8000 орчим эмч, мэргэжилтэнг сургаж бэлтгэнэ.


Хүн амын 60 хувийг дархлаажуулахад хоёр сая орчим хүн/тун вакцин шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Эрүүл мэндийн байгууллагын 12 мянга орчим ажилтан дархлаажуулах ажилд оролцох төлөвтэй байна.    

Холбоотой мэдээ