С.Бямбацогт: Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн салбарын яам байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-21 10:55:27
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг батлав.


УИХ-ын даргын захирамжаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлын баг байгуулж УИХ-ын гишүүн С.Бямбацогт ахалсан. Ажлын багт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Баттөмөр, О.Цогтгэрэл, Л.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүн багтсан бөгөөд 2020 оны 12 дугаар сараас 2021 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд таван чиглэлээр ажиллажээ. Энэ талаарх санал, дүгнэлтийг Ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав.


Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ 2020 оны тавдугаар сарын 52 дугаар тогтоолоор Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг, наймдугаар сарын 23 дугаар тогтоолоор Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг, 24 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг тус тус баталсан. Гэвч эдгээр баримт бичигт туссан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл, аргаа хэмжээг ямар бүтэцтэй, хэрхэн уялдуулж боловсруулах талаар салбар болон орон нутагт нэгдсэн ойлголт муу байна. Иймд, Засгийн газраас 2019 оны дөрөвдүгээр сараас Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Ухаалаг засаглал” төслийн хүрээнд эхлүүлсэн “Төрийн энтерпрайз архитектур болон өгөгдөл солилцооны нэгдсэн тогтолцоо” төслийн явцыг эрчимжүүлж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн урт, дунд, богино хугацааны зорилго, зорилт, үйл ажиллагаа, шалгуур үзүүлэлтийн уялдаа холбоог хангах загварчлалын нэгдсэн систем, зураглалыг бий болгож, шаардлагатай арга зүй, аргачлал, гарын авлага, программ хангамжаар холбогдох байгууллагыг ханган, ажилд нь хэвшүүлэх, тус ажлын явц, үр дүнгийн талаар УИХ-д танилцуулах шаардлагатай байгааг Ажлын багийн ахлагч танилцуулгадаа онцлов. 


Хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санд байгаа мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж, мэдээллээ ангилан бүлэглэх замаар урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг шинэчлэн баталсан хуульд нийцүүлэх ажлыг эрчимжүүлэх, улс, орон нутгийн хэмжээнд шинээр батлагдсан бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн бүртгэл хөтлөх, түүнд үндэслэн хүлээгдэж буй бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдааг хангах болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулах болон эс зохицуулах баримт бичгийн хүрээ хязгаарыг нарийвчлан тогтоож, явц, үр дүнг УИХ-д танилцуулах шаардлагатай байгааг танилцуулгад дурдлаа.


Мөн Ажлын багийн санал, дүгнэлтийн танилцуулгад, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн институтийн статус, зохион байгуулалт, чиг үүргийг нь оновчтой зохион байгуулж, түүний бүрдэл болох дэд тогтолцоо, дэд бүтцүүдийн хоорондын уялдаа хамаарлыг нарийвчлан гаргаж, энэхүү тогтолцооны дотоод ажлыг хангах хүчин зүйлсийг оновчтой тодорхойлохын зэрэгцээ төрийн, улс төрийн, төсөв, санхүүгийн бусад тогтолцоотой хэрхэн уялдуулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг тодорхойлох талаарх бүрэн зураглалыг гарган, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газарт даалгах нь зүйтэй гэж үзэж байна. Улмаар хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хамрах хүрээг маргаангүй тогтоох, тодруулбал хөгжлийн үйл ажиллагаанаас ангид байгууллагын дотоод хөтөлбөр, төлөвлөгөө болон улсын үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад бодлоготой холбоотой зарим тодорхой асуудал нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн зохицуулалтад хамрах эсэхийг тодорхойлох шаардлага ч үүсэж байгааг дурдсан.


Хэлэлцэж байгаа асуудлалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авав. Гишүүд тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Үндэсний хөгжлийн газраас “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ашиглах журам” батлаад хэрэгжүүлээгүй байхад дараагийн тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагатай эсэхийг лавлаж байлаа.


Ажлын багийн ахлагч С.Бямбацогт, Монгол төр өөрийн хөгжлийн бодлоготой, тэр нь тогтвортой, залгамж чанартай, урт дунд богино хугацааны зорилтуудтайгаа уялдаатай байх ёстой талаар 2010 оноос хойш ярьж байна. Нааштай ахиц дэвшил байгаа ч санаанд хүрсэн үр дүн гарахгүй байгаа тул УИХ-аас Ажлын баг байгуулан ажиллаж, тогтоолын төслийг боловсруулсныг хариултдаа онцлов. Түүнчлэн тэрбээр, тогтоолын төсөл батлагдсанаар салбарын яам байгуулагдана. Өмнө Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам байгуулагдахаар тусгасан ч хасагдсан байсан. Бидний гол зорилго үр дүн гаргах, хууль биелүүлдэг болтол нь шахаж  ажиллана гэдгийг тодотгов.


Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг батлахыг дэмжлээ. Үүгээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав.

Холбоотой мэдээ