Олон улсын паралимпын хороо албан ёсоор мэдэгдэл хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-01-26 11:54:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн үед “Токио 2020” олимп, паралимпын наадам цуцлагдсан тухай мэдээлэл нь худал, бодит биш болохыг Олон улсын паралимпын хороо албан ёсоор мэдэгдлээ.


Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэл бол таамаглал төдий, тухайн хэвлэлийн байгууллагын өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсэн ба ямар нэгэн бодит эх сурвалж, үндэслэл байхгүй, итгэл үнэмшилгүй байгаадуг мэдэгдэлд дурджээ.


Олон улсын олимпын хороо, Олон улсын паралимпын хороо, “Токио 2020” наадмын Зохион байгуулах хороо болон түүний түнш байгууллагууд наадмыг аюулгүй, амжилттай зохион байгуулах үүрэг хүлээсэн хэвээр байна.


Олон улсын паралимпын хорооны мэдэгдэлд: "Өнгөрсөн оны 3 дугаар сард  наадам хойшлуулах тухай шийдвэр гаргасантай холбогдуулан Зохион байгуулах хороо болон бүх оролцогч талууд “COVID-19” халдварын эсрэг арга хэмжээ, төлөвлөгөөг боловсруулахад хүчин чармайлт гарган ажиллаж байна. Тамирчид, наадамд оролцох улс орнууд болон хамгийн чухал нь Японы ард иргэдийн дунд халдварын эрсдэлийг бууруулах үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагаас гадна оролцох улс орнуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор заавал дагаж мөрдөх журмыг боловсруулан, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн ДЭМБ-аас өгч байгаа зөвлөмжийг тухай бүрд хэрэгжүүлэх арга хэмжээ авч байна. Мөн вакцины туршилт, үйлдвэрлэл амжилттай хэрэгжиж байгаа нь бид бүхэн улам их урам зориг өгч байна" гэж онцолжээ.


Мөн Японы Засгийн газрын тэргүүн Суга Ёшихиде байр сууриа илэрхийлж, наадмыг цуцлах тухай худал цуурхал тул, хэвлэл мэдээллийн байгууллага нь хувийн дүгнэлтийг олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр гаргахгүй байхыг мэдэгдсэн.


Дэлхий нийт цар тахалтай тэмцэж, хэцүү олон бэрхшээлийг даван туулж, мянган мянган тамирчин итгэл найдвараа алдахгүй өдөр тутам бэлтгэл сургуулилтаа хийж байгаа энэ цаг үед олон нийтийг төөрүүлсэн, сэтгэл санааг үймүүлсэн хуурамч мэдээлэл гаргасныг “Токио-2020” олимпын наадам Зохион байгуулах хороо, Японы Засгийн газар эрс няцааж байгаагаа мэдэгдлээ.


“Ковид-19” цар тахлын үед “Токио-2020” олимп, паралимпын наадамд оролцох Монголын үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл  сургуулилтыг тасралтгүй, хэвийн явуулах үйл ажиллагааг хангах арга хэмжээг Биеийн тамир, спортын улсын хороо нь үе шаттай хэрэгжүүлж байгаа тул зөвхөн Олон улсын олимпын хороо, Олон улсын паралимпын хорооны мэдээллийг эх сурвалж болгох юм байна.





Холбоотой мэдээ