Сүхбаатар, Мандал суманд явуулын баг ажиллаж шинжилгээ авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-29 09:58:15

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад байгаа бүх иргэнээс PCR шинжилгээ авах ажлыг зохион байгуулж эхэллээ.

Аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанаас нийслэл Улаанбаатар хотоос ирж гэрийн ажиглалтад орсон бүх иргэнээс PCR шинжилгээ авах ажлыг аймгийн Эрүүл мэндийн газар, сумдын ЗДТГ, ЭМТ-тэй хамтран зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Энэ ажлын хүрээнд аймгийн төв Сүхбаатар, Мандал суманд энэ сарын 28-ны өдрөөс эхлэн явуулын баг ажиллаж шинжилгээг авч эхлээд байна. Дээрх сумдаас бусад сумын тухайд орон нутагтаа шинжилгээг авч, аймгийн Нэгдсэн эмнэлгийн вируслогийн лабораторид шинжлүүлэх юм. Гэрийн ажиглалтад байгаа иргэд бүртгэлтэй хаяг дээрээ, холбогдох утсаа нээлттэй байлгаж шинжилгээндээ хамрагдахыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа. Эрсдэлтэй бүсээс ирсэн иргэн нэг бүр 14 хоногийн ажиглалтын хугацаанд гэрээс гаралгүй байж, иргэний үүргээ ухамсарлан хариуцлагатай байхыг мөн онцгойлон анхааруулж байна.

Энэ сарын 28-ны өдрийн 17.00 цагийн байдлаар Сүхбаатар суманд ирсэн эхний ээлжийн 153 иргэнээс 124 иргэн буюу 81 хувийг PCR шинжилгээнд хамруулжээ.

Түүнчлэн коронавирусний халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажилд иргэний үүргээ биелүүлэн, хамтран ажилласан иргэддээ Сүхбаатар сумын Онцгой комиссоос талархал илэрхийллээ.

 

Холбоотой мэдээ