Музейгээр хүүхэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-01-29 10:18:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын чуулганаар Музейн тухай хуулийг баталснаар соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, сурталчлах үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, музейн нийгэм, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх боломж бүрдэж буй юм.

 

Музейн тухай хуулийн онцлох заалтуудыг танилцуулж байна.


Музейн тухай анхны хууль баталж, музейн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилган, холбогдох хууль тогтоомжтой уялдаж, музейн тогтвортой хөгжлийг дэмжиж чадахаар боллоо.

Музейн үзмэртэй шууд харьцаж ажилладаг албан хаагчид 8 жил тутам 1 жилийн үндсэн цалингийн хэмжээтэй урамшууллыг олгох боломж бүрдлээ. Үзмэртэй шууд харьцаж ажилладаг албан тушаалтнууд нь өндөр үүрэг хариуцлага хүлээдэг мэргэжил, ур чадвар, ёс зүйн хувьд бэлтгэгдсэн, тодорхой шалгуурыг хангаж тухайн албан тушаалд томилогддог мэргэжилтнүүд юм. Мөн ажиллах орчин нөхцөл ч хүндэд тооцогддог байна. Эдгээр ажилтанд урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэснээр албан тушаалтнууд шударга, хараат бус, тогтвортой ажиллах боломж бүрдэхээс гадна, санхүүгийн хувьд бусдын нөлөөнд автахгүй байх нөхцөл бүрдэх юм.

Музейгээр хүүхэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжийг хуульчиллаа. Музей бол нийгмийн хөгжилд манлайлах үүрэг гүйцэтгэдэг, тэр тусмаа хүүхдийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэдэг институт юм. Монгол Улсын хөгжлийн олон бодлого төлөвлөлтийн баримт бичигт хүүхдийг эх оронч, үндэсний ухамсартай хүмүүнлэг иргэн болгож хүмүүжүүлэх зорилтыг тусгасан байдаг. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд музейн танхим болон бусад хөтөлбөрөөр дамжуулан хүүхдэд мэдлэг мэдээлэл өгч, хөгжүүлдэг. Түүнчлэн хүүхдэд боловсрол олгох үйл явцад музейн мэдлэгийг бататгах, нэмэлт мэдээллээр баяжуулах, хүүхэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.

Музейн тухай хуульд зааснаар, хувийн музей ажиллуулдаг бол 16 хүртэлх насны хүүхдэд үнэгүй үйлчилсэн хэмжээгээрээ хувьсах зардал олгох боломж бүрдсэн нь бас нэг онцлог юм.

 

Ташрамд дурдахад, манай улсад орчин цагийн музей 1924 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн бүртгэлтэй, төрийн өмчийн 12 музей, орон нутгийн өмчийн 24 музей үйл ажиллагаа явуулж байна.

Холбоотой мэдээ