Цэцэрлэг, ЕБС-иуд гуравдугаар сар гартал теле болон цахимаар хичээллэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-30 19:29:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК өнөөдөр хуралдан "Ковид-19" цар тахлын нөхцөл байдал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхлүүлэх болон бусад асуудлыг хэлэлцэв.


УОК хичээлийг хоёрдугаар сарын нэгнээс нэг сарын хугацаанд теле болон цахимаар явуулахыг дэмжив. БШУЯ гуравдугаар сарын нэгнээс нийслэлийн бага ангийн сурагчид танхимд, дунд, ахлах ангийнхан хосолсон хэлбэрээр хичээллэх санал, хувилбар дэвшүүллээ.


Бүх шатанд бэлтгэлээ бүрэн хангасны дараа тухайн үед нь дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. "Ковид-19" цар тахалтай тэмцэх хүрээнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх бодлого хамт хэрэгжих ёстой. Иймд энэ чиглэлээр цогц төлөвлөгөө гаргаж Засгийн газрын хуралдаанаар батлуулахаа Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хэлэв.


Хичээл эхлэхтэй холбогдуулан БШУЯ цар тахал, томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан төлөв, өвөлжилт хүндэрсэн аймаг, сум болон отроор яваа малчин өрхийн мэдээллийг нэгтгэн судалгаа хийжээ.


Судалгаагаар томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэг улсын хэмжээнд 2,4 хувьтай. Он гарсаар цэцэрлэг, сургуулийн насны 9400 орчим хүүхэд эмнэлэгт ханджээ. Найман аймагт 2- 4 дүгээр сард олон жилийн дунджаас ахиу цас орох  ч нийт нутгаар хүйтний эрч өмнөх жилүүдийн түвшинд байна. Отроор болон өвөлжилт хүндэрсэн нутагт өвөлжиж байгаа 26 мянга гаруй өрхөд цэцэрлэг, сургуулийн насны 20 орчим мянган хүүхэд байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлэв.


Холбоотой мэдээ