УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганаар 49 асуудал шийдвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-03 17:00:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа өнөөдөр танилцуулах үеэр тус Байнгын хорооноос Зохион байгуулсан хэлэлцүүлэг, уулзалтын талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав.


Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, давхардсан тоогоор 49 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн. Нийт 13 хуулийн төсөл, УИХ-ын 21 тогтоолын төсөл хэлэлцэж нэгдсэн хуралдаанаар батлуулав. Хууль тогтоомжийн төслийн хэлэлцэх эсэхийн санал, дүгнэлт гурав, анхны хэлэлцүүлгийн санал, дүгнэлт ес, эцсийн хэлэлцүүлгийн танилцуулга тав, бусад асуудлаарх санал, дүгнэлт ес, зарчмын зөрүүтэй 189 саналын томьёолол бэлтгэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлжээ. 


Хууль тогтоомжийн төсөл, бусад асуудлыг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих есөн ажлын баг байгуулж, 40 удаа хуралдсан байна. Ажлын багийн есөн танилцуулгыг Байнгын хороогоор хэлэлцсэн. Байнгын хорооны гурван тогтоол хэлэлцэж баталсан байна.


Хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, санал бодлыг сонсох, үүрэг чиглэл өгөх талаар тайлант хугацаанд тодорхой арга хэмжээ авч ажилласан талаар Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцууллаа. Тухайлбал, Төрийн байгуулалтын байнгын хороо болон Нутгийн удирдлагын дэд хорооноос Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг 2020 оны наймдугаар сарын 12-ны өдөр эрдэмтэн судлаачдын хүрээнд, 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Аймаг, нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчдийн дарга болон Хурлын төлөөлөгчдийн дунд цахим хэлбэрээр зохион байгуулжээ.


УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороодтой хамтран Төрийн албаны шинэтгэлийн үйл явц, хуулийн хэрэгжилттэй танилцаж, Төрийн албаны салбар зөвлөлийн цахим хуралд оролцон санал солилцож, үүрэг чиглэл өгсөн байна. Мөн намрын чуулганы хугацаанд ЗГХЭГ, Үндсэн хуулийн цэц, Төрийн албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, УИХ-ын Тамгын газар, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл болон Олон улсын байгууллагаас хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн удирдлагуудтай албан уулзалтуудыг шат дараатай зохион байгуулж, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож ажиллажээ.


Түүнчлэн ОХУ, Канад, АНУ, Япон, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нартай цахимаар уулзаж Монгол Улсад вакцин нийлүүлэхэд дэмжлэг болж, хамтран ажиллах талаар албан ёсны хүсэлтээ уламжилжээ. Улаанбаатар хот, 21 аймагт хорио цээрийн голомт, эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа төрийн болон төрийн үйлчилгээний албан хаагч болох 20 мянга гаруй хүний эрүүл мэндэд анхаарах, эхний ээлжинд вакцинд хамруулах шаардлагатай гэж үзэж буйгаа энэ үеэр илэрхийлсэн талаар Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан мэдээлэв.


Байнгын хороо “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Байнгын хорооны эрхлэх асуудлын дагуу УИХ-ын хяналт, шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл, Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх ажлын баг байгуулан ажиллаж байгааг нэмж дурдав.


Харьяа байгууллагын тайлан, хяналт, шалгалтын ажлын талаар:


Байнгын хороо тайлант хугацаанд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хууль тогтоомжийн төслийг боловсруулж, УИХ-д нийцүүлэх талаар албан бичгээр Засгийн газарт чиглэл өгч, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллажээ.


УИХ-ын дарга 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 51 тоот захирамжаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлын баг байгуулсан. Тус ажлын баг 2020 оны 12 дугаар сараас 2021 оны нэгдүгээр сар хүртэл ажиллаж, таван чиглэлээр санал, дүгнэлт боловсруулж, Засгийн газарт чиглэл өгсөн байна.

Холбоотой мэдээ