ХЭҮК-ын гишүүн сонгон шалгаруулах ажлын баг хуралдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын багийн гишүүд өнөөдөр цахимаар хуралдаж, нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүсийг оролцогчоор бүртгэх, эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын багийн ахлагчаар Хууль, эрх зүйн газрын Хууль зүйн байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх М.Үнэнбат, гишүүдэд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Жамбал, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх Д.Батдорж, Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан нар ажиллаж байгаа юм.
Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулах зарыг 2020 оны 12 дугаар сарын 10-наас 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд иргэдэд нээлттэй зарлаж, нэр дэвших хүсэлтийг Хууль зүйн байнгын хороо хүлээн авсан бөгөөд товлосон хугацаанд нийт зургаан иргэн хүсэлтээ, холбогдох баримт бичгийн хамт ажлын багт ирүүлжээ.
Ажлын багийн хуралдаанаар нэр дэвших хүсэлтээ ирүүлсэн хүн тус бүрээр хэлэлцсэн бөгөөд хууль, журамд заасны дагуу зарим нэр дэвшигчээс нэмэлт лавлагаа, баримт цуглуулах шаардлагатай гэж үзсэн тул орлцогчоор бүртгэх асуудлыг ирэх долоо хоног хүртэл хойшлууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.