Израилд гарган авсан эм “COVID-19”-ийг эмчлэхэд өндөр үр дүн үзүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2021-02-07 11:26:40

ЙЕРУСАЛИМ. /The Times of Israel/. Израилын эрдэмтдийн гарган авсан шинэ эм туршилтын эхний үе шатаа амжилттай давж, “COVID-19”-өөр халдварласан хүнд, хөнгөн өвчтөнүүдийг хурдан хугацаанд эдгээжээ.


Тель-Авив хотын Ичиловын нэрэмжит эрүүл мэндийн төвд гарган авсан “EXO-CD24” эмийг биеийн байдал нь хүнд, хөнгөн 30 өвчтөнд уулгахад бүгд эдгэрснээс 29 нь 3-5 хоногт эдгэрсэн байна.


Энэхүү эм нь цитокины шуурга буюу дархлааны тогтолцооны хэт идэвхжилтэй тэмцдэг бөгөөд “CD24” хэмээх уургийг уушгинд хүргэж, эсүүдийн гадаргуу дээр тогтсоноор дархлааны тогтолцооны хэвийн байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна.



EXO-CD24”-ийн туршилтын үе шатуудыг цаашид үргэлжлүүлэх боловч судлаачид энэхүү эмээ “COVID-19”-тэй тэмцэхэд асар их нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.


Ичиловын нэрэмжит эрүүл мэндийн төвийн дарга Рони Гамзугийн хувьд уг судалгааг дэвшилтэт, хамгийн сүүлийн үеийн хэмээн тодорхойлоод, коронавирусээр халдварласан олон хүний амь насыг аврахад хувь нэмрээ оруулна гэж найдаж байгаагаа хэлжээ.


“Эмийн туршилтын нэгдүгээр үе шатны үр дүн маш сайн байлаа. Профессор Надир Арберийн олон жил судалсан арга барил бид бүгдэд итгэл найдвар төрүүллээ. Аймшигт цар тахлын эсрэг жорыг дотооддоо, тодруулбал Ичиловын нэрэмжит эрүүл мэндийн төвд гарган авсан байх магадлалтай байгаад миний бие баяртай байна” гэж Р.Гамзу мэдээлжээ. 

Холбоотой мэдээ