Зүүн бүсэд газар хөдлөлт идэвхэжсэн шалтгааныг нарийвчлан судална
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорнод аймагт болсон газар хөдлөлтийн тухай болон газар хөдлөлт багатай зүүн бүс нутагт байгалийн энэхүү үзэгдэл сүүлийн үед идэвхжиж байгаа талаар Одон орон, геофикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын дарга М.Өлзийбат өнөөдөр мэдээллээ.
Тодруулбал, 2021 оны хоёрдугаар сарын 14-ний үүрээр буюу 04.09 цагт Дорнод аймгийн Халхгол сумын нутагт 4 магнитуд хүртэлх хүчтэй газар хөдөлжээ. Нарийвчилбал, тус сумын 21 дүгээр талбай гэх байршилд болсон байна.
Монгол орныг газар хөдлөх нөхцөлөөр үнэлэхэд, баруун бүс өндөр идэвхжилтэй буюу 7, 8 магнитуд хүртэл газар хөдөлж байжээ. Үүнтэй харьцуулахад, зүүн бүсийн аймгууд нь газар хөдлөлтийн идэвхжилээр сул байдаг. Тодруулбал, газар хөдөлж болох магадлалаар нь Монгол орны газар нутгийг ангилахад, зүүн бүс нутаг 5 баллын хэсэгт багтдаг аж. Гэтэл 2019 оны сүүл, 2020 оны эхнээс зүүн бүсэд газар хөдлөлт идэвхжиж байна. Тухайлбал, 2020 оны долоодугаар сарын 4-нд 5 магнитуд руу дөхсөн хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд газрын тосны ажилчдад илүүтэй мэдрэгджээ.
Одон орон, геофикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын дарга М.Өлзийбат хэлэхдээ, "Судлаач хүний үзэж буйгаар, зүүн бүсэд газар хөдлөлт идэвхжсэн нь тэнд газрын тосны үйл ажиллагаа эрхэлж байгаатай холбоотой байх магадлалтай. Энэ талаар холбогдох байгууллагад нь хандсан. Тус бүс нутагт 2020 он гарснаар, хүнд мэдрэгдэхүйц хүчтэй газар хөдлөлт 30 удаа тохиолдсон байна. Он гарсаар, хамгийн хүчтэй газар хөдөлсөн нь өнөөдрийнх боллоо. Газар хөдлөх шалтгааны талаар янз бүрийн таамаг бий. Энэ таамгийг батлахын тулд нарийвчилсан судалгаа хийх ёстой. Судалгааг ойрын хугацаанд эхлүүлж нөхцөл байдлыг тогтоох нь бидний гол зорилго" хэмээв.