Сомали улс дүрвэгчдээ буцаан хүлээн авахад бэлэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-09 14:09:32

МОГАДИШҮ. / Prensa Latina/. Сомали улсын Ерөнхийлөгч Хассан Шейх Мохамуд хэлэхдээ, Кенийн "Дадааб" хуарангаас өөрийн улсын дүрвэгсдийг буцаан хүлээн авахад бэлэн гэдгээ мэдэгджээ.

Шейх Мохамуд Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кениатта-гийн хамт Найробид хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр уг мэдэгдлийг хийсэн байна. 

Сомалийн Ерөнхийлөгч хэлэхдээ "Кени улс дэлхийн хамгийн том дүрвэгсдийн хуаран болох "Дадааб"-ыг хаах шийдвэр гаргасны дараа иргэдээ эх оронд нь буцаан авчрах ажлыг сайн зохион байгуулан явуулах болно" гэж амлажээ. 

Тэрбээр мөн 25 жилийн турш сомаличуудыг толгой хоргодох орон байраар хангаж байсанд нь Кени улсад талархал  илэрхийлсэн байна.

Дүрвэгсэд Кенид хангалттай сайн боловсрол эзэмшсэн учраас улс орныхоо бүтээн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Шейх Мохамуд найдаж байна.

"Дадааб" хуаран 1991 онд байгуулагдсан бөгөөд Сомалид дэгдсэн иргэний дайны хөлөөс зугатсан олон зуун мянган сомаличуудын хувьд сүүлчийн найдвар болж байсан газар юм.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ