Амиа золиослогчид Иракт дахин халдлага үйлдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-10 08:31:26

БАГДАД. /ВВС/. Иракийн нийслэл Багдад хот болон тус хотоос холгүй газарт пүрэв гарагт хоёр автомашин дэлбэрсний улмаас 28 хүн амиа алджээ.

Иракийн цагдаа нарын мэдэгдсэнээр, тэсрэх бодис ачсан автомашин жолоодож явсан амиа золиослогч этгээд өчигдөр өглөө Тажи хотын армийн шалган нэвтрүүлэх цэг рүү дайран орж, өөрийгөө дэлбэлснээр таван цэргийн амийг хөнөөж, 13 хүнийг шархдуулсан байна. Тус хот Багдадаас хойд зүгт 30 орчим км-ийн зайд оршдог ажээ.

Үүнээс хоёрхон цагийн дараа Багдадын зүүн хэсэгт шиитүүд голдуу оршин суудаг дүүрэгт автобусны буудлын ойролцоо тэсрэх төхөөрөг бүхий автомашин дэлбэрсний улмаас 23 хүн амь үрэгдэж, 40 хүн шархаджээ. Тухайн үед автобусны буудалд хөл хөдөлгөөн ихтэй байсан гэнэ.

Аюулаас хамгаалах хүчнийхний таамаглаж байгаагаар, лалын шиитийн урсгалыг шүтдэг оршин суугчид болон засгийн газрын цэргүүдийг онилсон уг хоёр халдлагыг лалын суннит урсгалыг баримталдаг “Лалын улс” бүлэглэл үйлдсэн байж магадгүй ажээ.

Фаллужа хотоос “Лалын улс”-ыг хөөн гаргах цэргийн томоохон ажиллагааг Иракийн арми, цагдаагийн хүчнийхэн явуулж байгаа билээ.

Энэ долоо хоногт эхэлсэн лалын ариун Рамадан сарын үеэр өөрт нь дайсагнагч улс орнуудын эсрэг террорист халдлага үйлдэхийг  “Лалын улс”-ын удирдлага уриалж байсан юм.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ