АНУ, Канад Арктикийн асуудлаар өргөтгөсөн яриа хэлэлцээ эхлүүлнэ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-02-24 11:19:50

ВАШИНГТОН. /TASS/. АНУ, Канад NORAD буюу Хойд Америкийн агаар, сансрын батлан хамгаалах нэгдсэн командлалыг шинэчлэн сайжруулах, Арктикийн асуудлаар өргөтгөсөн яриа хэлэлцээ эхлүүлэх тохиролцоонд хүрчээ.


Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Канадын Ерөнхий сайд Жастин Трюдотой хийсэн цахим уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдээлсэн байна.


“Бид NORAD-ыг шинэчлэн сайжруулахаар тохиролцлоо" гэж тэрбээр мэдэгдсэн байна. "Бид мөн Арктикийн асуудлаар Америк-Канадын өргөтгөсөн яриа хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон бөгөөд энэ нь эх газрын аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн хөгжил, засаглалтай холбоотой асуудлуудыг хамарна" гэж Америкийн удирдагч нэмж хэлжээ.


Тэрбээр мөн "гэмт хэргийн асуудлаарх хил дамнасан форумыг сэргээн зохион байгуулах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, арьсны өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэх арга барилыг шинэчлэх чиглэлээр хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдэв.


“Канад, АНУ нь зөвхөн НАТО-гийн чухал түншүүд эсвэл хамтын батлан ​​хамгаалахын төлөө зүтгэдэг холбоотнууд биш юм. Канадын Ерөнхий сайдтай мөн Атлантын далай дамнасан аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр Европ тивийн холбоотнуудтайгаа хийсэн ажлынхаа талаар ярилцлаа” гэж Вашингтоны засаг захиргааны тэргүүн мэдэгджээ.


Байден нэмж хэлэхдээ, АНУ, Канад нь Хятадтай илүү сайн өрсөлдөхийн тулд, мөн ашиг сонирхол, үнэт зүйлд нь учрах аюул заналхийллийг няцаахын тулд арга барилаа зохицуулна гэв.


Холбоотой мэдээ