Беларусь улс 4,5 сая еврогийн, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-24 11:25:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тус комиссын Беларусийн хэсгийн дарга, Аж үйлдвэрийн сайд П.А.Пархомчиктой цахимаар уулзав.


Монгол, Беларусийн харилцаа, хамтын ажиллагаа, Засгийн газар хоорондын “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй таван төсөл болох:

“Трактор, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх”,

“Монгол Улсад сүүний чиглэлийн эрчимжсэн цогцолбор аж ахуй байгуулах”,

“Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төсөл,

“МАЗ” үйлдвэрийн зам засварын болон зам цэвэрлэгээний 42 машиныг нийлүүлэх”,

“Улаанбаатар хотын нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх” төслийн хүрээнд өргөжин хөгжиж байгааг талууд онцлон тэмдэглэв.


Монгол Улсын газар тариалангийн салбарын хөгжилд Беларусь улсад үйлдвэрлэсэн МТЗ-80 трактор чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Зөвлөлт Холбоот Улсын үеэс өнөөг хүртэл манай малчид, тариаланчид МТЗ трактор ашиглаж байгаа.


“Трактор, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх” төслийн хүрээнд 4,5 сая еврогийн техник, тоног төхөөрөмжийг Беларусь улсаас Монгол Улсад нийлүүлэх юм. Хаврын тариалалт эхлэхээс өмнө техник, тоног төхөөрөмжийг хүлээн авах хүсэлтэй байгаагаа З.Мэндсайхан сайд хэлэв.


“ОБЕГ-т гал унтраах  машин, тоног төхөөрөмж нийлүүлэх” төслийн хүрээнд 14 төрлийн  71 техник нийлүүлэхээс 2020 онд 56 техникийг  хүлээн авчээ. Үлдсэнийг нь ойрын хугацаанд авах аж.


“Монгол Улсад сүүний чиглэлийн эрчимжсэн цогцолбор аж ахуй байгуулах” төсөл нь газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт хэрэгжихтэй холбогдуулан төслийн ажлыг эрчимжүүлэхээр Беларусийн шинжээчдийн багийг ойрын хугацаанд Монгол Улсад ажиллуулахаар тохиролцов.


Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг зөвхөн “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд хязгаарлахгүй бусад салбарт өргөжүүлэх, 2019 оны 6 дугаар сард байгуулсан  “Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг 2019-2021 онд хөгжүүлэх” замын зураглалын дагуу хамтран ажиллах хүсэлтэй байгаа талууд илэрхийллээ.


Монгол Улс Элчин сайдын яамаа 2020 онд Минск хотноо нээсэн. Монгол, Беларусийн харилцаа, хамтын ажиллагааг улам идэвхжүүлж, өргөжүүлэхэд хоёр талын Элчин сайдын яам чухал хувь нэмэр оруулна гэдэгт талууд итгэлтэй байгаа юм.


Засгийн газар хоорондын комиссын ээлжит 6 дугаар хуралдааныг Минск хотноо энэ оны гуравдугаар улиралд зохион байгуулахаар урьдчилан байдлаар тохиролцлоо.

Холбоотой мэдээ