БНХАУ тэтгэврийн насыг нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-03-05 15:19:44

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-д тэтгэврийн даатгалын тогтолцоо сайжирч байгааг харгалзан нийгэм-эдийн засгийн хөгжлийн 14-р таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад (2021-2025) тэтгэврийн насыг аажмаар нэмэгдүүлнэ гэж тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян мэдэгдэв.


"Өндөр насны тэтгэврийн суурь даатгалыг хүн амын 95 хүртэлх хувьд хамруулж, тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ" гэж Ли Көцян Бээжин хотноо өнөөдөр эхэлсэн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулганд Засгийн газрынхаа ажлын тайланг танилцуулахдаа мэдэгджээ.


Үүний зэрэгцээ тэрбээр Засгийн газар "төрөлтийг зохистой түвшинд хүргэх", нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах зорилт тавин ажиллахаар төлөвлөж байгааг онцлон тэмдэглэсэн байна.


Хүн амын өсөлтөд хяналт тавихын тулд Хятадын эрх баригчдын хэрэгжүүлж байсан “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогын улмаас хүйсийн тэнцвэртэй байдал алдагдаж, хүн ам хөгшрөхөд хүрсэн байна. Шинжээчдийн тооцоолсноор, 2035 он гэхэд тус улсад хоёр ажилчны нэг нь тэтгэвэр насны хүн байх бөгөөд 2050 он гэхэд хүн амынх нь 35 орчим хувь нь тэтгэврийн насны хүмүүс байх аж.


БНХАУ-д эрчүүд 60 насандаа, эмэгтэйчүүд 55 насандаа тэтгэвэрт гардаг байна.


Холбоотой мэдээ