П.Халиун: Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Монгол оронд минь дахин нэг зочлоосой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2021-03-05 17:41:05
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Канад улсын Ерөнхий сайд асан ноён Пьер Трюдо тэртээ 1985 онд Монгол Улсад хүүхдүүдийн хамт зочилж, төр засгийн удирдлагуудтай уулзан, наадам үзэж, Монголын говиор аялаад буцсан байдаг.

Тухайн үед залуу дипломатч Паньджунайн Халиун өнөөдрийн Канад улсын Ерөнхий сайд Жастин Трюдо болон түүний эцэг ноён Пьер Трюдо нарыг дагалдан орчуулагчаар нь ажиллаж байжээ. Энэ тухай Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Олхонууд П.Халиуны дурсамж ярилцлагыг толилуулж байна. 


-Канадын Ерөнхий сайд асан Пьер Трюдо хүүхдүүдийн хамт манай улсад аялж, та орчуулагчаар нь ажиллаж байсан гэдэг. Тухайн үеийн дурсамжаас сэргээж ярина уу?

-1972 онд би Москва дахь Олон улсын харилцааны дээд сургуулийг франц, англи хэлний чиглэлээр төгсөж ирээд Гадаад явдлын яаманд   ажилд орсон юм.  1985 оны долдугаар сард Канадын Ерөнхий сайд асан ноён Пьер Трюдо гурван хүүгээ дагуулаад манай улсад наадам үзэх, монголын нүүдэлчин ард түмний соёл иргэншилтэй танилцахаар ирснийг сайн санаж байна. Энэ чинь бараг 36 жилийн тэртээ болсон үйл явдал юм шүү дээ. Ноён Пьер Трюдо миний нүдэнд анхнаасаа нэлээд дулаахан, эелдэг сайхан ааштай, маш энгийн хүн гэж харагдсан, тиймээс одоо болтол миний сэтгэлд хоногшсон юм байлгүй дээ. Яаж ганцаараа гурвын гурван хүүхдээ, тэгээд ч бас жинхэнэ дүрсгүйтэх насны тэрсүү хөвгүүдээ дагуулаад явж чадаж байгаа юм болдоо гэж дотроо ихэд гайхшран, түүнийг хүндэтгэж байсан даа. 



1985 оны долдугаар сард Канадын Ерөнхий сайд асан ноён Пьер Трюдо гурван хүүгээ дагуулаад манай улсад наадам үзэх, монголын нүүдэлчин ард түмний соёл иргэншилтэй танилцахаар иржээ


Ноён Пьер Трюдо бол 15 жил гаруй Канадын Либерал Намын тэргүүн, Ерөнхий сайд байхдаа тус улсын хөгжил дэвшил, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын үйлсэд түүхэн гавъяа байгуулсан хүн юм билээ. Тийм ч учраас тэрбээр Канадын түүхэнд улс төрийн гарамгай удирдагч, олон улсад ихээхэн нэр хүнд бүхий төрийн зүтгэлтэн хэмээн алдар нэр нь яруу тодоор бичигдэж үлдсэн учиртай юм. Ийм их нэр алдартай хүндэт зочинд орчуулга хийж эх орныхоо түүх, ёс заншил, үзэсгэлэнт сайхан байгалийг танилцуулж явсан маань ихээхэн нэр төрийн хэрэг байсан.


Тэр үед чинь өндөр хэмжээний гадаадын зочдоо Их Тэнгэрийн аманд байрлуулдаг байсан. Өдөр хоног, цаг цагаар нь айлчлалын хөтөлбөр гаргаж, түүнийгээ яс мөрддөг байж билээ. Эхний өдөр нийслэл Улаанбаатар хотоо ерөнхийд нь танилцуулж, дараа нь хэдэн  музейгээ үзүүлнэ. Байгалийн музей, ялангуяа үлэг гүрвэлийн үзмэрүүд манай зочдын сонирхолыг ихэд татсан даа. Тэгээд мэдээж Гандантэгчилэн хийдээр зочилж лам нарын хурал хурахыг харж, номын сангаар нь орж эртний, ховор нандин ном судартай танилцсан. Манай тэр үеийн Хамба лам агсан Гаадан гуай гэж дөлгөөн, аядуу ааштай сайхан хүн байсан. Тэрбээр ноён Пьер Трюдог найрсгаар хүлээн авч сэнгэнсэн сайхан айргаар зочдоо дайлсан нь анх удаа айраг хэмээх ундааг амталж үзсэн хүмүүст ихэд онцгой амтыг мэдрүүлсэн гэж ойлгосон.



Зочид Улсын Баяр Наадмын нээлт, хаалтын ёслолыг Цэнгэлдэх хүрээлэнгийн Төв асарт тухлан сууж үзэв


Зочид маань Улсын Баяр Наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагаанд албан урилгаар оролцож, нам, төрийн удирдагчдын хамт Цэнгэлдэх хүрээлэнгийн Төв асарт тухлан сууж шимтэн үзсэн. Монгол Бөхийн барилдаан нэлээд сонирхсон боловч ганц нэг “уяа” бөхөөс болж хүүхэд л юм болсон хойно 3 хүүгийн тэвчээр заримдаа аргагүй барагдаж  байсан. Хурдан морины уралдааны бариа тэгэхэд Яармагт байсан. Хүүхдүүд монгол морь унаж үзээд ихэд сэргэж баярласан. Хамгийн номхоноос гэж байгаад монгол эмээлтэй моринд 3 бандийг ээлжлэн мордуулж, цулбуураас нь хөтлөөд нэлээд алхуулж хүсэл хорхойг нь дарж баярлуулсан. Том хүү Жастин морио арай хурдлуулах гээд намайг жаахан сандаргасан санагдана. Тэрбээр монгол морь, эмээл хазаарыг ихэд сонирхож байсан.


Наадмын маргааш нь Өмнөговь аймгийн төв Даланзадгад руу АН-24 гэдэг орос хийцийн онгоцоор нисч очлоо.  Аймгийн захиргааны нэг төлөөлөгч ноён Пьер Трюдог хүндэтгэн угтаж Жуулчны баазад байрлуулсан. Дараа нь түүнийг дагаад говийн нэг айлд зочилж монголчуудын ахуй амьдрал, нүүдэлчдийн соёл иргэншлийн зах зухаас үзэж, ялангуяа тэмээ унасан нь манай зочдод хамгийн их сэтгэгдэл үлдээсэн болов уу. Тэр үеийн хэд хэдэн зураг манай гэрийн альбомд байдаг юм. Хамгийн сонин нэг фото зураг дээр бол ноён Пьер Трюдо атан тэмээ унаад  нилээд нэр хичээж байгаа байдалтай, хажууд нь дунд хүү Александр нь нэг торомны бурантагнаас татчихсан ихэд додигор харагддаг юм. Харин том хүү Жастин миний санахад аавынхаа дараа тэр тэмээг нэлээд зоримогхон уначихсан, гайхалтай нь дажгүй хэсэгхэн газар алхуулаад ирсэн санагдаж байна. Бага хүү нь балчирдаад тэмээ гэдэг том амьтнаас баахан эмээсэн шинжтэй дөлсхийгээд байсан санагдана.



Ноён Пьер Трюдо хүүхдүүдийн хамт Монголын говьд тэмээ унаж үзэв


Мэдээжийн хэрэг Ёлын аманд очиж, зочиддоо Монголын говь цөл гэгдэх мөнх цэвдэг мөстэй, булаг шандтай байгалийн нэн үзэсгэлэнт өвөрмөц газар байдгийг харуулж, бид бүхний азаар нэг янгир холоос тодхон харагдаж сайхан өдөр болсон доо.


- Пьер Трюдо манай улсын баяр наадмыг үзээд ямар сэтгэгдэлтэй байсан бэ?

-Тэрбээр манай улсыг маш их сонирхсон. Наадмын бөхийн барилдаан үзээд, морь уралдах, нум сум харвахыг хараад сэтгэл нь их хөдөлж байсан. Манай улсыг өвөрмөц сайхан байгальтай, хүмүүс нь зочломтгой, эелдэг зөөлөн харьцаатай юм байна гэж хэлж байсан.  Ялангуяа хурдан морины уралдаан хүүхдүүдэд нь тун ч их таалагдсан. Ноён Пьер Трюдог хүүхдүүдийнхээ хамт манайд аялж байхад Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд агсан Б.Дашцэрэн гуай түүнийг хүндэтгэж дагалдаж явсан юм. Нэг удаа Их Тэнгэрийн аманд зоог барьж байхдаа Б.Дашцэрэн гуай ноён П.Трюдод хандаж “Танай улсад хаан эзний уул Monreal/Monroyal гэж байдаг. Тэгвэл бид одоо Монголын Богд эзэн хааны уул гэдэг газар хоол идэж байна” гэж зүйрлэж хошигнон ярьж байсан нь санаанд тод байдаг юм.


-Тухайн үед манай хоёр улсын харилцаа дөнгөж эхлэх төдий байсан байх. Манай улсад түүнийг аялаад буцсаны дараа хоёр орны хоорондын харилцаа шат ахисан болов уу?

-Монгол, Канад улсын хооронд 1973 онд дипломат харилцаа тогтоосон. 1985 он гэхэд манай хоёр улсын харилцаа 12 дахь жилдээ ороод явж байсан боловч олигтой ахиц гараагүй байсан. Тэр үед БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Ж.Батмөнх гуай хүндэт зочинг хүлээн авч уулзан Монгол, Канадын харилцааг хөгжүүлэх боломжийн талаар санал бодлоо солилцсон.



БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Ж.Батмөнх

ноён Пьер Трюдог хүлээн авч уулзав


МЭТНБХ-ны Гүйцэтгэх Хорооны дарга, манай төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, дипломатч, Элчин сайд Н.Лувсанчүлтэм гуай гэж тун эелдэг сайхан хүн байсныг бидний үеийнхэн сайн мэддэг, ихэд хүндэлж явдаг юм. Сонирхолтой нь Н.Лувсанчүлтэм гуай Пьер Трюдотой монгол түмнээ төлөөлөн уулзахдаа, хоёр талын цаашдын хамтын ажиллагааны талаар нэлээд нухацтай ярилцаж, анх удаа уул уурхайн салбарыг хаан хаанаа анхаарч, хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдаж байсан юм.


Пьер Трюдог манай улсад аялсны дараа хоёр орны харилцаа шинэ эрч хүчээ авсан гэхэд хилсдэхгүй. Хамтын ажиллагаа идэвхжиж, ялангуяа уул уурхайн салбарт бодит биеллээ олох эх үндэс тавигдсан юм. Тэгээд ч түүнээс хойш нэг их удалгүй манай нийгмийн систем солигдож, ардчилал зах зээл рүү орсон. Энэ нь монголчууд бидэнд хэнтэй яаж харилцахаа өөрсдөө бүрэн шийддэг байх боломжийг нээсэн. Энэ бүх хүчин зүйл хоёр талын харилцааг өргөжүүлэхэд  нөлөөлсөн нь дамжиггүй. 



МЭТНБХ-ны Гүйцэтгэх Хорооны дарга Н.Лувсанчүлтэм

ноён Пьер Трюдотой уулзахдаа уул уурхайн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдав


Ноён Пьер Трюдо алсын хараатай, ихээхэн мэдлэгтэй, ухаантай улстөрчийн хувьд нэлээд зоримог алхам хийдэг байсан юм гэнэ лээ. Тэрбээр ямар ч  хүнтэй хүн л гэж харьцдаг. Түүний хүнлэг чанар, тууштай үзэл бодол нь гадаадын улстөрчдөд тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг байсан гэдэг. Тухайлбал, 1973 онд Мао Зэдунтэй уулзахдаа товлосон цагаас нь нэлээд хэтрүүлсэн юм гэсэн. Мао Зэдун ч түүний ярианд шимтэн багагүй саатаж, үдэж өгөхдөө “эхнэртээ мэнд дамжуулаарай” гэж түүнд хэлсэн гэдэг. 


Тэр үед Америк, Кубын харилцаа ямар байсныг хэн хэнгүй мэднэ. Гэтэл Пьер Трюдо Кубын удирдагч Фидель Кастротой Гаванад  очиж уулзаж байсан төдийгүй тэд маш нөхөрсөг харилцаатай байсан гэдэг. 2000 онд Пьер Трюдог нас барахад Фидель Кастро Канадад өөрийн биеэр ирж хүндэтгэл үзүүлсэн юм билээ. Энэ бүхнээс харахад манай улсад ямар нэр хүндтэй хүн ирсэн нь ойлгогдох биз.  


-Одоогийн Ерөнхий сайд Жастин Трюдогийн талаар Та ярих уу?

-2015 оны 11-р сарын 4-нд том хүү ноён Жастин Трюдо нь Канад улсын 23 дахь Ерөнхий Сайд болсон. Энэ нь Канад улсын түүхэнд Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хүүхэд эцгийнхээ үйлсийг залгамжлан Засгийн тэргүүн болсон анхны тохиолдол юм. Өөрөөр хэлбэл Жастин Трюдо Канадын түүхэнд “үе залгамжилсан” анхны Ерөнхий Сайд болсон гэсэн үг юм. Үүнээс гадна бас хэд хэдэн гайхалтай гэж хэлж болохоор тохиолдол түүний намтарт байдаг юм байна лээ. 


-Тухайлбал?

-Жастин 1971 онд, түүний дүү Aлександр 1973 онд тэгээд хоёулаа зул сарын баярын өдөр төрсөн юм гэнэ лээ. Сонин тохиолдол байгаа биз. Тэгээд бас Жастиныг ойндоо хүрч  төрсөн өдрийг нь тэмдэглэхэд АНУ-ын Ерөнхийлөгч асан Ричард Никсон тэдний гэрт ирээд бяцхан хүүд баяр хүргэж хундага өргөхдөө “Канадын ирээдүйн Ерөнхий сайдын төлөө” гэж ерөөсөн гэдэг. Манай улсад аавыгаа даган зочилж байхдаа Жастин 14 настай, дүү Александр нь 12 настай, бага дүү Мишэл нь 10 настай байсан болж таарч байгаа юм. 


-2019 оны 10-р сард Жастин Трюдо Канадын Ерөнхий сайдаар улиран сонгогдсон. Тэрбээр бага насандаа манай улсад аав, дүү нартайгаа аялж байсан нь тодхон санагддаг байх даа...

-2019 оны парламентийн сонгуулиар Жастин Трюдогийн удирдлагаар Либерал Нам шинээр ялалт байгуулж, тэрбээр дахин Канадын Ерөнхий сайд болсон. Энэ бол түүний нөр их хүчин зүтгэл, зөв мэргэн бодлогын илрэл, Канадын ард түмний дэмжлэгийн үр дүн гэж харж байгаа. 


Ноён Жастин Трюдо Ерөнхий Сайд байгаа эдгээр жилүүдэд Монгол, Канадын харилцаа улам илүү хөгжих боломжтой гэж бодож байна. Учир нь тэрбээр Монголыг багадаа ирж үзэж харж байсан. Сэтгэлд нь тэрхүү өдрүүд тод байдаг гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол гэсэн нэр түүний чихнээ сонсогдоход, нүдэнд нь юуны өмнө, монголын хязгааргүй тал нутаг, морь унаж тоос татуулан хурдлах монгол хүүхдүүд, цэлмэг хөх тэнгэртэй хаяа нь нийлсэн өргөн говь нутаг, наранд ойрхон хоёр бөхт атан тэмээ унасан хайрт эцэг нь харагддаг байх гэж бодогддог юм даа.


Манай хоёр улсын хувьд төстэй зүйл олон байдаг. Газар зүйн байршил, улирлын шинж чанар, эрдэс баялаг, ой мод гээд ярьвал их юм бий. Канад улс бол манай орны хувьд чухал гуравдагч хөрш байсаар ирсэн. Цаашид манай хоёр орны харилцаа улам өндөр түвшинд гарах бүрэн боломжтой. Тэгээд ч хоёр талынхаа эрх ашигт нийцсэн хамтын үйл ажиллагааг улам хөгжүүлэх эдлээгүй боломж, эзлээгүй орон зай ихээхэн байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс хоёр улсын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд удахгүй хүрнэ гэж бодож явдаг юм.



Ноён Пьер Трюдо Өмнөговь аймгийн Ёлын аманд хамт авахуулсан зургаа орчуулагчаар дагалдан ажилласан

залуу дипломатч П.Халиунд дурсгажээ


Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо эхнэр, хүүхдээ дагуулаад Монгол оронд дахин нэг зочлоосой. Манай орны их өөрчлөлт бүтээн байгуулалт түүний нүдэнд харагдаж, балчир насандаа аав дүү нартайгаа хамт явж байснаа, морь, тэмээ унаж баясаж байснаа, хайрт эцгээ дахин залуугаар нь, бага дүүгээ балчраар нь төсөөлөн дурсаж, дахин учирсан мэт болж, улмаар сэтгэл санаа, хийморь лундаа  нь сэргэн ариусч, ажил үйлс, аж амьдрал нь улам өөдлөн цэцэглэх  болно гэдэгт итгэж байна. Хэрвээ түүнийг Монголд дахин зочилбол монгол ах нь дахин орчуулга хийж дагалдан үйлчлэх тэнхээ боломж, зав чөлөөтэй байгаа шүү гэж эцэст нь хэлэх байна.


Холбоотой мэдээ