Хуурамч шатахууны шалгалтын дүн өнөөдрийг хүртэл гараагүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-03-05 18:24:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Шатахуун хэрэглэгчдийн холбоо (МШХХ)-ноос хуурамч шатахууны талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийв.

Тус холбооноос хуурамч бүтээгдэхүүнтэй холбоотойгоор өнгөрсөн 10 жилд жолооч нар, төрийн болон хувийн хэвшлийн уул уурхайн компаниуд 1 их наяд төгрөгөөр хохирсон гэж мэдээлэв. Мөн тэдний хэлж буйгаар нефтийн нэмэлт, дагалдах бүтээгдэхүүн керосины хэрэглээ Монголд 3 мянган тонн байж 2-хон компани зэс хайлуулахад ашигладаг бол өнгөрсөн хугацаанд 1.5 сая тонн орж иржээ. Онцгой албан татварыг нефтийн нэмэлт бүтээгдэхүүнээс авахгүй байгаатай холбоотойгоор улс 200 тэрбум төгрөгийн хохирлыг хүлээж байна.


Хуурамч шатахуун нь манай улсын хилээр нефтийн нэмэлт бүтээгдэхүүн буюу  22 төрлийн химийн бодисыг албан татваргүйгээр оруулж ирж байгаагаас үүдэлтэй гарах болжээ. 


Тиймээс төр, засаг эдгээр байдлыг эргэн харж, хуурамч шатахууныг хумьж, таслан зогсоох талаар хууль эрхзүйтэй болгох талаар анхаарч хурдан шийдвэрлэж өгөхийг хүсэв. Тэгэхгүй бол ганц хоёр удаагийн шалгалт хийж байна гэдэг байдлаар асуудлыг шийдэхгүй гэдгийг МШХХ-ны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр онцоллоо. 


Хуурамч шатахууныг илрүүлэх шалгалтын талаар тэрээр хэлэхдээ, "Өнгөрсөн оны 4 дүгээр сард ШӨХТГ-тай хамт шалгалтаар явж 112 ШТС, 30 гаруй агуулахыг шалгахад 200 гаруй зөрчил илэрсэн. Гэвч импортлогч ААН-үүд нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэсэн вагоноос дээж ав гээд зөрчлөө хүлээн зөвшөөрдөггүй, вагонуудыг шалгасан ч шинжилгээний хариу болон ажлын хэсгийн дүгнэлт өнөөдрийг хүртэл гараагүй байна" гэв. 

Хэвлэлийн бага хуралд оролцсон хэрэглэгч иргэн Г.Хонгор чанаргүй шатахуун авснаа шалгуулахаар тухайн компани болон АМГТГ, лабораторид хандсан ч шийдэж чадаагүйгээ ярив. Ийм байдлаар хэрэглэгч хохирох ёсгүй бөгөөд мөн хэрэглэгч нарт стратегийн өмгөөлөл хэрэгтэй байна гэв. 

Хэвлэлийн хуралд Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн холбооны зохицуулагч Н.Баатар нарын хүмүүс оролцож хуурамч шатахуунаас үүдэлтэйгээр бензол гэх хортой бодис цацагдаж, мөн галын аюултай байдлыг үүсгэж байгааг хэллээ. 

Б.Сэлэнгэ

Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ