Дарханы зам засварын ажил ирэх 7 хоногоос эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-09 14:32:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дарханы чиглэлийн зам засвар, шинэчлэлийн ажил ирэх 7 хоногоос эхэлнэ. Ингэхдээ одоогийн замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж зохицуулах аж.

Азийн автозамын сүлжээний нэг хэсэг болох Улаанбаатар-Дарханы чиглэлийн 204 км автозамыг өргөтгөн шинэчлэх ажлыг 2019 оны 6 дугаар сараас эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл зам, барилгын ажил  дуусаагүй байгаа юм. Таван багцад хуваан засварлаж буй уг замын 1 дүгээр багцын ажлыг өнгөрсөн жил бүрэн дуусгасан. Одоо 3 болон 5 дугаар багцын ажил 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.

Тодруулбал, 3 дугаар багцын замаас 25 км-ийн цементэн бэхжүүлсэн суурийг өнгөрсөн онд хийж одоо хучилтын ажил үлдээд буйг энэ оны 6 дугаар сарын эцэст дуусгах аж. Мөн 5 дугаар багцын замын 15 км-т хатуу хучилт хийсэн. Ингэснээр 3 болон 5 дугаар багцын замын үлдсэн хэсгийг засаж барьснаар 7 дугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй, графикт хуваарийг батлаад буйг Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх засвар арчлалтын төслөөс мэдээлж байна.


Дарханы замын 3 болон 5 дугаар багцын ажлыг энэ оны 7 дугаар сард багтаан дуусгах хуваарьтай байна.


Нийт замын гүйцэтгэл дутуу буюу хамгийн муу байгаа хэсэг нь 2 дугаар багцын Хар модтын давааны араас эхлээд Урьхан хүртэлх 45.5 км зам болон 4 дүгээр багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.8 км автозам юм. Энэ хоёр багц замын ажлыг гүйцэтгэж байсан БНХАУ-ын компани өнгөрсөн онд гэрээгээ цуцалсан. Ингэснээр ЗТХЯ-наас дахин тендэр зарлаад байна.



Шинээр зарлаж буй тендэрт ажиллах хүч болон техник хэрэгслийн 70-аас доошгүй хувийг дотоодоос бүрдүүлэх шаардлага тавьж буй аж. Энд дотоодын ААН, компаниудын дэмжиж, түншлэн ажиллахад бэлэн байгааг салбарын яам мэдэгдэж байна. Замын бүтээн байгуулалтын ажил цаг хугацааны хувьд шахуу, богино хугацаатай байгаа учир АХБ-тай хамтран тендэрийн бичиг баримтыг эргэн харж замын ажлыг хурдан гүйцэтгэх талаар ажиллаж байна. 

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ