Флоридагийн шөнийн цэнгээний газарт олон хүнийг хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-06-13 09:14:17

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Флорида муж улсын Орландо хотын шөнийн цэнгээний газарт нэгэн этгээд гэнэт дайран орж, гал нээсний улмаас 50 хүн амиа алдаж, 53 хүн шархаджээ.

Өнгөрсөн шөнийн 02:00 цагийн үед винтов буу болон гар буугаар зэвсэглэсэн  этгээд “Pulse” шөнийн цэнгээний газар руу дайран орсон байна. Буудалцах явцад цагдаа нар түүнийг устгажээ.

Холбооны мөрдөх товчоо /ХМТ/ мэдэгдэхдээ “Нью-Йоркоос гаралтай 29 настай Омар Матин гэгч байсан” гэв. Түүний эцэг эх нь Афганистанаас АНУ-д цагаачлан ирсэн хүмүүс ажээ.

Цагдаа нар Матиныг 2013 оноос хойш хэд хэдэн удаа дуудан байцааж байжээ.

ХМТ-ны мэдэгдсэнээр, зэвсэгт этгээд Матин урьд шөнө яаралтай дуудлага өгч өөрийгөө “Лалын улс” бүлэглэлийн толгойлогчид үнэнчээр зүтгэж буй нэгэн байна" гэж хэлсэн аж.

Ижил хүйстнүүд цуглардаг "Pulse” шөнийн цэнгээний газарт яагаад халдлага үйлдэх болсныг мөрдөн шинжээчид тогтоохоор ажиллаж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан Флорида муж улсад онцгой байдал зарлажээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ