Нийслэлээс зорчих хөдөлгөөнийг 8 аймагт хязгаарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-12 11:39:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд коронавирусний халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор найман аймаг Улаанбаатараас зорчих хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлахаар шийдвэрлэжээ.


ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр тус яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлснээр, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Төв аймагт харьяаллын бус иргэнийг нэвтрүүлэхгүй, зөвхөн аймгийн иргэдийг хүлээн авах Засаг даргын шийдвэр гарчээ. Мөн Архангай аймаг дотроо Чулуут сумаас орох, гарах хөдөлгөөнөө энэ сарын 6-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар хязгаарласан байна. 


Иймд Улаанбаатараас дээрх аймаг руу очихоор төлөвлөсөн иргэд зөвхөн тухайн орон нутгийн харьяалалтай байх бөгөөд 72 цагийн хүчинтэй PCR/ПГУ шинжилгээ өгөх шаардлагатай юм. Эдгээр шаардлагыг хангасан иргэнийг аймгийн онцгой комиссын зөвшөөрлөөр нэвтрүүлэх аж. 


Ташрамд дурдахад, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32.1.1-т зааснаар, бүх шатны Засаг дарга нар нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх эрхтэй байхаар тусгасан байна. 

Холбоотой мэдээ